
ОХУ-ын Украины Днестровск УЦС-д үзүүлсэн цохилтын улмаас Днестр гол руу газрын тос гоожиж, хөрш Молдав улсад олон мянган иргэд ундны усгүй хоцорчээ.
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду Днестр гол ОХУ-ын энэ сарын 7-нд Украины Днестровск УЦС-д үзүүлсэн цохилтын улмаас Днестр гол бохирдож, энэ нь Европын холбоонд элсэхээр зэхэж буй Молдав улсын цэвэр усны хангамжийг эрсдэлд оруулсан тухай мэдэгджээ. Тэрээр X нийгмийн сүлжээнд үүсээд буй нөхцөл байдалд ОХУ буруутай хэмээн бичжээ.
Днестровск УЦС нь Украин-Молдав хоёр улсын хилээс 15 км зайд байрлах ба Молдавын нийт хүн амын 80 орчим хувийг, Украины Одесса хотыг цэвэр усаар хангадаг аж.
Молдавын Байгаль орчны яам Днестр голын усан дахь газрын тос болон бусад бохирдуулагч бодиснуудын хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээг давсан болохыг онцолж, 15 хоногийн онц байдал зарлажээ.
Днестр голын бохирдлоос болж Молдавын эрх баригчид хоёр дахь том хот болох Балти болон хэд хэдэн бүс нутгийн цэвэр усны хангамжийг зогсоож, Молдавын зэвсэгт хүчнийхэн иргэдэд 10 тонны цистернээр цэвэр ус тарааж эхэлжээ.
Балти хотын оршин суугч 84 настай Люба Истрати нөхөртэйгөө хоёулхнаа амьдардаг, нөхөр нь хэвтэрт байдаг учир 5 давхар лүү хувинтай ус зөөж дээш гарах маш хэцүү байгаа талаараа Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Цэвэр усны хангамж зогссон тул зарим сургуулиуд хичээлээ цахимаар орж эхэлжээ.
Балти хотын оршин суугч, багш мэргэжилтэй Ирина Мутрук, “Би өдөр болгон энд ирж ус авч байна. Ариун цэврийн өрөө орох тоолондоо ус ашиглах шаардлага гарч байгаа тул ганцаараа амьдардаг ч ус их ашиглах хэрэг гардаг юм байна. Ер нь хүнд байна.” хэмээн ярьжээ.
Молдавын эрх баригчид Днестр голын усыг цэвэрлэхээр ажиллаж байгаа ба Румын улсын зүгээс уг ажилд нь тусламж дэмжлэг үзүүлэхээр өөрсдийн мэргэжилтнүүд болон техникээ илгээжээ.
Днестр гол Украины баруун өмнөд хэсгээс эхтэй бөгөөд 1300 гаруй км урсах явцдаа Молдав улсын нутаг дэвсгэрээр дайран Украины өмнөд хэсэгт төгсөж, Хар тэнгис рүү цутгадаг аж.
Болсон явдалтай холбоотойгоор Молдавын Ерөнхий прокурорын газар хэрэг үүсгэж, Гадаад харилцааны яам нь ОХУ-ын элчин сайд Олег Озеровыг дуудаж, уулзсан байна.
Өнгөрсөн мягмар гарагт Молдавын Байгаль орчны сайд Георге Хайдер Молдав дахь Украины элчин сайдтай уулзаж, Днестр голын бохирдлыг бууруулахын тулд Киевийн зүгээс нэмэлт арга хэмжээ авах шаардлага байгааг онцолжээ.


Киевийн зүгээс бохирдлын эх үүсвэрийг тогтоож, голын усыг бохирдуулахыг нь зогсоох арга хэмжээ авсан гэжээ.
Албан ёсны эх сурвалж: AP News








