
Японы нийслэл Токио хотод сакура мод цэцэглэж, Японы Цаг Уурын агентлаг сакурагийн улирал албан ёсоор эхэлснийг зарлав.
Цаг уурын агентлагийн мэргэжилтнүүд Токио хотод байрлах Ясүкүни хийдэд ургадаг Сомей Ёшино төрөл зүйлд хамаарагдах сакура моддод хийсэн ажиглалтын үр дүнд тэдгээр модон дээр 61 цэцэг гарсан байгааг тогтоожээ. Сакурагийн улирал албан ёсоор эхэлснийг зарлахад 5-аас олон цэцэг гарсан байх ёстой байдаг аж.
Токио хотын Цаг уурын ажиглалтын албаны мэргэжилтэн Тошиаки Кавакамигийн хэлснээр сакурагийн улирал энэ жил 5 өдрийн өмнө эхэлж байгаа аж.
Японы соёл уламжлалын салшгүй нэг хэсэг болсон сакура буюу интоорын мод ихэвчлэн 3-р сарын сүүл, 4-р сарын эхээр шинэ хичээлийн болон санхүүгийн жил эхлэхтэй зэрэгцэн бүрэн цэцэглэж дуусдаг ба япончууд сакура цэцэглэх үеэр цэцэрлэгт хүрээлэнгүүдээрээ зугаалж, гэр бүл, найз нөхөдтэйгөө сакура моддын доор сууж, цайлах дуртай аж.


Түүнээс гадна сакура цэцэглэх үеэр Японыг зорих жуулчдын тоо огцом нэмэгддэг ба сүүлийн жилүүдэд сакура мод олноор ургадаг газрууд жуулчдын хөлд дарагдаж, ойролцоо амьдардаг хүмүүс жуулчдыг гудамж талбайг бохирдуулж, хог ихээр хаяж, чанга чимээ шуугиан гаргаж байна хэмээн гомдоллох нь нэмэгдээд байгаа билээ.
Албан ёсны эх сурвалж: AP News







