
Кенийн нийслэл Найроби хот өнгөрсөн 12-р сараас эхлэн төрийн албанд ажилладаг эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн өвдөлт, тухгүй байдлыг даван гарахад нь туслах үүднээс сардаа хоёр хоногийн сарын тэмдгийн цалинтай чөлөө олгодог болжээ.
Найроби хотын захирагч Жонсон Сакажа сайд нартайгаа өдрийн цайны цагаар хамтран ажилладаг бүсгүйгийнх сарын тэмдэг өвдөлттэй ирдэг тухай ярилцаж байхдаа уг журмыг гаргах санааг анх гаргажээ.
Ж.Сакажа Associated Press агентлагт өгсөн ярилцлагадаа Кенийн засгийн газраас гадна бусад тойргийн захирагч нар уг шинэ журмын үр дүнг ихэд сонирхож байгааг дурджээ.
Тэрээр, “Таны хамгийн том хөрөнгө бол ажилтнууд тань юм. Ажилтнуудаа үнэлж, хүндлэхээс бүх зүйл эхэлнэ. Хөдөлмөрийн тухай хуулийг олон жилийн өмнө эрчүүд голчлон зохиосон. Эмэгтэйчүүдийн эрх нь ажлын бүтээмжийг сайжруулахад саад болдог зүйл биш, харин ч бүтээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Энэ бол таны ажиллах хүчиндээ оруулж буй хөрөнгө оруулалт юм” хэмээн ярьжээ.
Найроби хотын удирдлагуудын шийдвэр олон нийтийн эсэргүүцэлтэй ч мөн тулгарчээ. Шүүмжлэгчид эмэгтэй ажилчдад сарын тэмдгийн чөлөө олгож эхэлснээр албан байгууллагууд эмэгтэй хүнийг ажилд авахаас зайлсхийх болно гэж үзэж байгаа бол Ж.Сакажа удирдлагаасаа дэмжлэг авсан эмэгтэй ажилчид эрэгтэй ажилчдаас илүү бүтээмжтэй ажилладаг гэдгийг онцолжээ.
Түүний хэлснээр сарын тэмдгийн чөлөө нь Найроби хотын эдийн засагт сөргөөр нөлөө үзүүлэхгүй ба төрийн алба хэлтсийн 3-4 ажилтан ганц хоёр өдөр ажилдаа ирэхгүй байх нь ямар нэг сөрөг үр дагавар дагуулахгүй гэжээ.
Япон улс 1947 онд эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн чөлөө олгох тухай хуулийн төсөл баталж байсан бол өнөөдөр Индонез, БНСУ, Испани зэрэг орнууд эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн чөлөө олгож эхэлжээ.
Африк тивээс зөвхөн Замбия улс эмэгтэйчүүдэд сард нэг өдөр эмчийн магадалгаагүйгээр чөлөө авахыг зөвшөөрдөг аж.
Найроби хотын захиргааны Хүний нөөцийн менежер Жанет Опиатагийн хэлснээр сарын тэмдгийн чөлөө өгдөг болсныг төрийн үйлчилгээний салбарт ажилладаг эмэгтэйчүүд маш таатай хүлээн авсан ба чөлөө авсныхаа дараа эргээд ажилдаа орохдоо эмэгтэйчүүд илүү сайн ажиллаж байгаа нь ажиглагдсан гэжээ.
Шинэ журмын дагуу чөлөө авч буй эмэгтэй ажилчдаас нэмэлт асуулт асууж, бичиг цаас бөглөхийг шаардахгүй ба Найроби хотын захиргаанд ажилладаг 25 настай Марион Капуяа шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш ажлын байран дээр нь эерэг өөрчлөлтүүд гарсныг онцолжээ. Тэрээр, “Өвдөж байхдаа ажиллах нь алдаа гаргах, бүтээмж буурах зэрэг эрсдэлийг дагуулдаг. Завсарлага авч, амарснаар өвдөлт багасаж, ажлын бүтээмж нэмэгддэг.” хэмээн ярьжээ.
Найроби хотод ажилладаг эмэгтэйчүүдийн эмч Юнис Чесерем түүнд үзүүлэхээр ирдэг эмэгтэйчүүдийн 50 хувьд нь сарын тэмдгийн өвдөлт хүчтэй илэрдэг болохыг онцолжээ. Тэрээр, “Хэрэв сарын тэмдэг хүчтэй өвдөж ирдэг бол тухайн эмэгтэй хөдөлмөрийн чадвараа алддаг. Заримд нь бөөлжих, толгой өвдөх, суулгах, хүчтэй базлах шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас зарим нь өвдөлтөө намдааж, ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд хүчтэй эм уудаг.” гэжээ.
Албан ёсны эх сурвалж: AP News






