
Гандангийн 55 га газрыг бүхэлд нь чөлөөлж, Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьж буй талаар Хотын дарга Х.Нямбаатар ам нээсээр буй. Гандан орчимд шинээр газар эзэмшүүлж, ашиглуулахгүй. Дахиж барилга байгууламж бариулахгүй. Гандан орчмын 55 га газарт амьдарч байгаа 1800 айлын газрыг зах зээлийн жишигт нийцсэн үнээр авч, хэсэгчлэн газрыг чөлөөлнө гэж буй.
Хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрээс бид Гандангийн дэнж дэх цэцэрлэгт хүрээлэнд юу, юу байхаар төлөвлөгдөж буй талаар тодрууллаа.
Тэрбээр “Сүхбаатарын талбайгаас Гандангийн зүүн хаалга хүртэл алхвал нэг их хол биш. Гэхдээ алхахад ээлгүй орчин бүрдсэн буюу маш олон уулзвар, зам гардаг. Тиймээс Гандангийн зүүн талын хаалганаас Тасганы овоо хүртэл чөлөөлж, коридор үүсгэхээр ажиллаж байна. Аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед жуулчид Сүхбаатарын талбайг алхаж ирж үзээд, тэндээсээ коридороор алхаж Гандангийн дэнжийг үзэх боломж бүрдүүлье гэдэг үүднээс 2026 онд эхний ээлжид жишиг гудамжийг хөгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Жишиг гудамж маань алхахад ээлтэй, ногоон байгууламжтай байна. Кофе шоп, шашны худалдаа, үйлчилгээний төвүүд гээд үйлчилгээ байгаа газар л хүн очно. Тэгэхээр эдгээрийг зайлшгүй төлөвлөх ёстой гэж харж байгаа. Монголын буддын шашны хэв маягийг харуулсан архитекторын төлөвлөлтүүдийг зайлшгүй оруулна. Түүний дараа хийгдэх том ажил нь Гандангийн дэнжээ Тасганы овоотойгоо холбох явган хүний том гүүрийг хийхээр төлөвлөж байна.
Мөн Ногоон нуур орчимд энэ ондоо багтаагаад авто зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэлээ.
Тэргүүн хамба Д.Жавзандорж гуай “10-р Богд гэгээн маань номынхоо үйлийг дэлгэрүүлэх үед дэлхий биднээс суралцахаар ирнэ” хэмээн ярьсан удаатай. Монголд шашны аялал жуулчлал хөгжих нь цаг хугацааны л асуудал болсон. Хэрэв Гандангийн дэнж орчмыг үнэхээр ярьж буй шигээ төлөвлөж, төлөвлөж буй шигээ хөгжүүлж чадваас Монголд ирсэн жуулчдын заавал зорьж ирэх газрууд нь нэг нь болж чадах билээ.






