
“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гуравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн Барилгачдын талбайн гадна жагсаж, хоёр хоногийн дараа өлсгөлөн зарлаж байсан бол өнөөдөр /03.19/ Төрийн ордны гадаа жагсаалаа үргэлжлүүлж, УИХ-ын гишүүн, ХББОСЯ-ны сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж байна.
Хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга Т.Дөлгөөнтамир 76 цагийн турш нойтон өлсгөлөн зарласан ч эмнэлгийн байгууллагын зөвлөмжөөр өлсгөлөнгөө зогсоожээ. Гэсэн ч нөхцөл байдал цаашид тогтворгүй хэвээр үргэлжилбэл дахин өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Нөхцөл байдал тогтворгүй болвол дахин өлсгөлөн зарлах бөгөөд одоогийн байдлаар түр хорооны 25 гишүүн өлсгөлөн зарлахад бэлэн хэмээн нэрсээ өгсөн аж.
Мөн тэрбээр 2020 онд компанид хөрөнгө оруулалтын захирлаар томилогдсон Э.Батбаярыг найз Б.Дэлгэржаргалтайгаа хамтран компанийн хөрөнгийг завшсан байж болзошгүй хэмээн буруутгаж, үүнийг ноцтой зөрчил гэж үзэж байгаа аж. ХББОСЯ-ны сайд Э.Бат-Амгалан, түүний төргсөн дүү Э.Батбаяр нарыг хоорондоо хуйвалдан шүүх, цагдаагийн байгууллагад нөлөөлсөн байж болзошгүй улмаар компанийн үйл ажиллагааг зогсонги байдалд оруулсан гэж хардаж буйгаа илэрхийллээ.


Мөн хувьцаа эзэмшигч М.Оюунтуяа “Компанийн хөрөнгө завшсан асуудлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ТУЗ-ын хурлаар олж мэдээд холбогдох байгууллагуудад хандсан ч өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авагдаагүй. Э.Батбаяр хариу өгөхгүй, хаана байгаа нь ч мэдэгдэхгүй байгаа учраас ах нь тус хэрэгтэй холбоогүй бол хариу өгөхийг хүсэж байгаа.” хэмээн холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхлээ.
Жагсагчдын зүгээс компанийн олон мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчигдөж байгаа тул төрийн байгууллагууд асуудлыг яаралтай шалгаж, хариуцлага тооцохыг, холбогдох алба хаагчид уулзаж ямар нэгэн хариу өгөхийг шаардаж буйгаа илэрхийллээ.
М.Солонго






