
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.
Тус хөтөлбөрийг Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлөөс хэрэгжүүлдэг бөгөөд жил бүр дэлхийн 180 гаруй орны 300 орчим иргэнд тэтгэлэг олгодог байна. Уг хөтөлбөрийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд суралцах боломжтой. Мөн инженерчлэл, мэдээллийн технологи, урлаг, гүн ухаан, улс төр судлал, сонгодог зохиол зэрэг 21 чиглэлээс сонгон суралцах юм.
Тэтгэлгийн давуу тал:
- Сургалтын төлбөр болон дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө
- Сар бүр амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно
- Ирж, буцах олон улсын нислэгийн тийзний зардлыг хариуцна
- Визийн хураамжаас чөлөөлнө
Тавигдах шаардлага:
- 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх
- Сонгосон түвшний өмнөх боловсролын гэрчилгээ, дипломтой байх
- Бакалавр, магистрт 35 хүртэлх, докторт 40 хүртэлх насны иргэн байх
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын амжилт сайн байх
Бүртгэл, хугацаа:
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд материалыг 2026 оны 4 дүгээр сарын 15-ныг хүртэл https://a2ascholarships.iccr.gov.in цахим хаягаар бүртгүүлнэ. Цахим өргөдөл гаргасны дараа сонгон шалгаруулалт, ярилцлага, үнэлгээтэй холбоотой мэдээллийг Элчин сайдын яамнаас авна. Мөн материал хүлээн авах хугацааг энэтхэгийн цагаар тооцох тул хугацааг зөв тооцоолох шаардлагатай аж.






