
“Эр хүн уйлдаггүй”, “эрэгтэй юм байж охин шиг”, “хэнэггүй монгол эр хүн” гэх үгс энгийн хэллэг шиг боловч хүний сэтгэл хөдлөлийг хязгаарласан, хүйсээр ялгаварлан гадуурхах эдгээр үгсийг эр хүний тэсвэр хатуужлын бэлгэ тэмдэг болгон төсөөлөх ойлголт агуулагддаг учраас хүүхдүүд аавыгаа үлгэрлэн дуурайж, аав шигээ эрэмгий, зоригтой болж, юунд ч бууж өгдөггүй, хатуужилтай, бүгдийг хайрладаг болно гэх үлгэрлэл бий болдог байх…
Гэвч сэтгэл хөдлөл хүйсээр хязгаарлагддаггүй. Айдас, гуниг, гомдол, хүйс ялгадаггүй.
Эрчүүд сайн аав, сайн хань, сайн хүү, нөмөр нөөлөг гээд олон “хэргэм цолтой” ч уйлах, гомдох туних эрх нь тэр бүр нээлттэй байдаггүй аж. Бүрэн ухаан ороогүй хүүхэд ч аавыгаа өвддөггүй, нулимсгүй гэж бодох нь хэвийн үзэгдэл, “уйлахгүй байх” нь сонголт гэхээс илүүтэй тэдэнд тавьдаг нийгмийн шаардлагад нийцэх оролдлого болдог.
– “Ухаан, гар хоёроор ар гэрээ авч явдаг” гэх эрчүүд яг хаана уйлдаг юм бол, тодорхой нэг газар байхгүй ч олон нийтийн хараанаас ангид орон зай.
Тэд нулимсаа бусдаас нуухыг илүүд үздэг. Учир нь нулимс тэдний хувьд сул дорой, ичгүүртэй байдлын илэрхийлэл, тэд “гоншигнох” ч эрхгүй аж.
Тэдний уйлах газар заавал бодит орон зай байх албагүй. Зарим тохиолдолд эрчүүдийн “уйлах” нь ил харагдахгүй хэлбэрээр илэрдэг.
Дуугүй болох, дотогшоо болох, мэдрэмжээ үгээр илэрхийлэхээс зайлсхийх зэрэг нь сэтгэл хөдлөлийн дарагдмал илэрхийлэл эрчүүдийн уйлах, тайтгарах орон зай болдог. Мөн ажилдаа хэт төвлөрөх, өөрийгөө байнга завгүй байлгах, эсвэл аливаа анхаарал сарниулах зүйлсэд автах нь ч нулимсаа орлуулах нэгэн хэлбэр болж хувирдаг байна.
Сэтгэлзүйн судалгаанууд эрчүүд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, тусламж эрэх нь харьцангуй бага байдгийг харуулдаг. Энэ нь эрэгтэй хүний онцлог биш нийгмийн олон жилийн туршид бий болгосон хэвшмэл ойлголтын үр дагавар юм. Үүний улмаас эрчүүд дотоод дарамтаа бие даан даван туулахыг оролдож, зарим тохиолдолд сэтгэлзүйн эрсдэлд илүү өртөмтгий болдог байна.
Загас аньсагагүй учраас нүдээ аньдаггүйтэй адил залуус нулимсгүй учраас уйлдаггүй гэдэг бодол тэр хол үлдэж, тэгээд бид өөрчлөгдөх үе иржээ.
Эр хүн уйлдаггүй гэх ойлголтод өөрчлөлт орж, сэтгэлзүйн эрүүл мэндийн талаарх ойлголт нэмэгдэж, эрчүүдийн мэдрэмжийг илэрхийлэхийг хүлээн зөвшөөрөх хандлага аажмаар тэлж байгаа нь сайн, үүгээр “хүчтэй байх” ойлголт нийгмийн хэв журамд тохирсон байх ч шаардлагагүй. Жинхэнэ хүч мэдрэмжээ дарах биш түүнийг ойлгож, зохистойгоор илэрхийлэх чадвар аж.
Эрчүүд хаана уйлдаг вэ? Тэд хаа сайгүй уйлж болно. Тэглээ гээд тэд эр хүн байхаа больчихгүй. Тиймээс асуудлын гол нь эрчүүд хаана уйлдагт бус, харин тэд яагаад нулимсаа нуух шаардлагатай байдагт оршино. Уйлах нь сул дорой биш харин хүн байгаагийн илрэл юм.
М.Солонго






