
Иргэд: УИХ-ын гишүүд бол Монгол түмний эцэг, эх гэсэн агуулгаар байдаг учраас хий гишгэж боломжгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг санаачлан өргөн барьж, түүнийгээ Засгийн газрыг УИХ руу яаралтайгаар оруулан хэлэлцэхийг үүрэг болгосон. Уг хуулийн төсөл нь нэмэлт, өөрчлөлт бус “санаачлан” гэдэг нэр томьёогоор орж ирсэн билээ.
Тэгвэл уг асуудалд сонгогчид буюу иргэд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
Иргэн 1: Ер нь бол УИХ-ын гишүүн ёсзүйтэй, бусдад тэр дундаа олон нийтэд хүндлэлтэй байх учиртай.
-Хүн болгон л ёс зүйтэй байх ёстой л доо. Ард түмнээс сонгогдож байгаа гэдэг утгаараа төрд нэлээн олон хүнийг, тэр тойргийнхоо сонгогчдыг төлөөлж байгаа. Тэр утгаараа УИХ-ын гишүүн бол үнэхээр ёс зүйтэй байх шаардлагатай. Тийм учраас ёс зүйгүй үнэхээр тийм байвал эргүүлэн татахаас өөр яах вэ дээ.
Одоо тэр ёс зүй, ёс суртахуун гэдэг юм үлгэрлэх ёстой хүмүүс нь өөрсдөө ийм байхаар энэ залуу үе ямар болж байна? Тэрэн дээр бодох л ёстой зүйлийн нэг. Тэрнээс УИХ-ын гишүүний “Дархан эрх” гэдгээр 4 жил юу ч хамаагүй хийдэг байж болохгүй шүү дээ.
Иргэн 2: Татах ёстой бол татах ёстой. Тэгээд бас нөгөө хянаж шалгадаг газраас нь гүйцэд шалгаад, яг буцаагаад татаад, хийж гүйцтгэдэг ажлыг нь цуцлаад, шилжүүлээд, чаддаг нэгэнд нь өгөхөөр бол болж байна шүү дээ тийм биз дээ? Тэгэхгүй бол үнэндээ л хэцүү л байгаа шүү дээ.
-Угтаа бол миний хувьд бол УИХ-ын гишүүн “Монгол Улс” хэмээх айл гэрийн эцэг хүн л гэж бодож байгаа байхгүй юу. Монгол Улсыг авч явах ёстой, тэр тусмаа бид нарын өмнөөс ард түмний дуу хоолой болоод л Төрийн ордонд сууж буй учраас иргэдийнхээ аюулгүй орчин, бүх зүйлийг л хангаж байх ёстой, бидний дуу хоолой бүх л юм тэнд явж байх хэрэгтэй, тэрийг л шийдэж өгөх ёстой л гэж боддог. Өөрийнхөө хувийнхаа эрх ашгийг орхиод гэсэн үг шүү дээ тийм биз дээ. Тийм л үүрэг хүлээсэн хүмүүс Төрийн ордон дотор суудаг л гэж боддог шүү дээ. Даан ч тэгээд эсрэгээрээ л байгаад байна.
Иргэн 3: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хууль нь батлагдвал түмэн олон магад баярлах байх. Сонголт хийхэд ард түмэн өөрсдөө тухайн үед амлалтад нь хууртаад байна, хууртаад байна.
-Яагаад вэ гэхээр тэд чинь их олон амлалт өгөөд, ард түмнийг сайхан амьдруулна, баялгийг ард түмэнд өгнө гээд л эмзэг цэгийг нь олж хатгаад л, хамгийн гол юмыг чинь хэлээд байна шүү дээ. Тэгэхээр эргээд тэр улсууд чинь нэхэж чадахгүй, амлалтыг нь нэхэж чадахгүй. УИХ-ын гишүүд өөрсдөө амлалтаа биелүүлж чадахгүй. Яагаад биелүүлж чадахгүй байна вэ гэхээр тэр ард түмэнд өгөх ёстой баялаг, ард түмэнд өгөх ёстой тэр юмыг нь өгч чадахгүй байна шүү дээ. Мартдаг юм уу, үгүй бол Их хуралд суучхаараа бид нар тэр амлалтаа биелүүлэх шаардлагагүй ч гэдэг юм уу. Ер нь бол ард түмэн буюу сонгогчид амлалтыг нь биелүүлээд дараа нь тэр гоё гоё амласаныг нь дүгнүүлэх л хэрэгтэй байна. Яагаад дүгнүүлэх вэ гэхээр ард түмэн өөрснөө сонгочихсон юм чинь өөрснөө буцаагаад энэ хүн амлалтаа биелүүлэхгүй байна, буулгачихъя гэж болно шүү дээ. Тийм хуультай байх л ёстой шүү дээ.
Иргэн 4: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль маш зөв. УИХ-ын гишүүнийг эгүүлэн тадаг байх нь хэрэгтэй. Алдаа оноотой хүн болгон л байгаа. Тэр алдаан дээр нь нөгөө ярилцаад болохгүй бол эгүүлэн татдаг тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Энэ хууль бол маш зөв гэж бодож байна. Шударга ард түмнийхээ төлөө зүтгээд л бүх боломжийг нь олох хэрэгтэй л гэж боддог шүү дээ.
-Тэгээд л өөрсдөө хулгай хийгээд л, ингээд л болж бүтэхгүй байвал өөрсдөө баяжаад л ард түмэн нь ядуураад л бас муухай л байна даа. Шударга биш байвал эгүүлэн татсан нь л дээр шүү дээ. Иргэдийнхээ нөгөө иргэддээ амласан амлалтаа биелүүлж чадахгүй байгаа юм чинь би бол татсан нь дээр л гэж бодож байна.
Иргэн 5: Монголын ард түмэн юу ч болж байсан хамаагүй юм шиг л их уужуу, тайван байх юм байна шүү дээ. Үнэхээр УИХ-ын гишүүд шударга байхгүй бол ёстой одоо бүр арай хэтрээд байна.
-Энэ бүр хамгийнхаа доод талын цэгт л очиж байх шиг байна. Ер нь бол бидний толдгой дээр суугаа УИХ-ын гишүүд хамгийн гол нь ёсзүйтэй, шударга, зарчимч байх ёстой.
Түүнээс тэнд зөвхөн хувь хүний амбиц, гэр бүлийн асуудал ярих хамаагүй шүү дээ. Монгол Улсын 3 сая гаруй хүнийг УИХ-ын гишүүн төлөөлж, дуу хоолой нь болж тэнд очсон.
Тэгэж авлигад идэгдлээ, ингэж албан тушаалаа урвуулан ашиглалаа гээд л байдаг. Начиртаа хууль, шүүх, цагдаагийн байгууллага хуулийн дагуу тэднийг, эрхн мэдэлтнүүдийг шийтгэж чадаж байна уу? Энэ бол үнэхээр асуудал болж байна. Тэгээд ард түмэн болохоор шийтгүүлээд л байдаг. Угтаа ард түмнийг болохоор шийтгэж болоод байдаг. Тэднийг, эрх мэдэлтнүүдийг яагаад өөрсдийг нь болохоор шийтгэж болдоггүй юм. Тэгэхээр хууль Монгол Улсын дарга, цэрэг, ард иргэд хэнбугайд ч бай маш тэгш үйлчлээсэй л гэж бодож байна.
Монголчууд ярьдаг даа._ “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэж ярьдаг шүү дээ. Энэ л үнэн. Бүр ард иргэдийг ангайж, алмайртал өөгүй өндөг шиг л ярьж, хэлж, амлаж байгаад л гардаг. Гарахаараа тэгээд л шал өөр хүн болчхоод байна гэдэг чинь болохгүй шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
Иргэдийн байр суурийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






