
Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей дүү Карина Милей, Сайд нарын танхимын дарга Мануэл Адорни нарын хамт 1992 онд Буэнос Айрес дахь Израилын элчин сайдын яаманд болсон террорист халдлагад өртөж амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үеэрээ АНУ, Израилын Иранд явуулж буй дайныг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр, “Ираны дарангуйлагчид зөвхөн өөрийн ард иргэдийг эрхшээлдээ байлгаад зогсохгүй олон арван жилийн турш дэлхий даяар айдсаа түгээж ирсэн.” хэмээн мэдэгджээ.
1992 оны 3-р сарын 17-нд Аргентины нийслэлд байрлах Израилын элчин сайдын яамны байр террорист халдлагад өртөж, 29 хүн амиа алдсан бол 1994 оны 7-р сарын 18-нд мөн л Буэнос Айрес хотод байрлах еврейчүүдийн соёлын төвийн ойролцоо амиа золиослогч тэсрэх бөмбөг идэвхжүүлж, 85 хүний аминд хүрч, 300 хүнийг шархдуулсан билээ. 2024 оны 4-р сард Аргентины Дээд шүүх дээрх хоёр алан хядах ажиллагааг Иран улсын захиалгаар Хезболла зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан болохыг тогтоож, Иран улсыг террорист улс гэж тодорхойлсон юм.
Албан ёсны эх сурвалж: AP News






