
Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр:
Уг хуулийн төслийг 78 гишүүний санаачилгаар 2025 оны есдүгээр сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлж, мөн оны арваннэгдүгээр сарын 27-ны нэгдсэн чуулганаар хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл батлагдаагүй байна.
“Энэ хуулийг боловсруулаад бараг нэг жил болж байна. Иргэд ч энэ асуудалд ихээхэн санаа зовж байна. Тиймээс хаврын чуулганы хугацаанд зайлшгүй батлах шаардлагатай.”
Монгол Улс тамхины хэрэглээний түвшнээрээ өндөр үзүүлэлттэй орнуудын нэг хэвээр байна. Одоогийн байдлаар нийт хүн амын 28-29 хувь нь тамхи хэрэглэж байгаа бөгөөд өсвөр насныхны дундах хэрэглээ ноцтой хэмжээнд хүрсэн.
“13-17 насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна гэсэн судалгаа бий. Хуулийн үндсэн зорилго бол хүүхэд, залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах явдал” гэв.
Мөн тэрбээр Монгол Улсыг янжуур тамхины хэрэглээ, хүртээмжийн хувьд “дэлхийд байхгүй диваажин” болсон гэж шүүмжилж, зохицуулалтын сул орчныг онцолсон юм.
Сүүлийн жилүүдэд электрон тамхи нь мансууруулах бодис хэрэглэх шинэ хэлбэр болж хувирч байгааг хууль, хяналтын байгууллагууд анхааруулж буйг дурдлаа.
“Цагдаагийн байгууллагын мэдээллээр 2022-2025 онд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг электрон тамхинд нуун далдалсан 19 хэрэг бүртгэгдсэн. Энэ бол зөвхөн илэрсэн тоо. Бодит нөхцөл байдал үүнээс илүү байж болзошгүй.”
Түүнчлэн электрон тамхи Монгол Улсад бараг ямар ч хяналтгүйгээр импортлогдож байгааг шүүмжилж, хууль эрх зүйн зохицуулалтыг яаралтай сайжруулах шаардлагатайг хэлэв.
“Энэ байдлаар үргэлжилбэл бид хүүхэд, залуучуудаа илүү ноцтой донтолт, эрсдэлд оруулах нөхцөл бүрдэж байна. Тиймээс энэ хуулийг яаралтай батлах нь зайлшгүй.”
Мөн Монгол Улс Евро-Азийн худалдааны хэлэлцээрийн хүрээнд тамхины гаалийн татварыг тэглэсэн асуудлыг шүүмжилж, Засгийн газрыг анхаарал хандуулахыг уриаллаа.
“Тамхины татварыг тэглэсэн нь буруу шийдвэр болсон. Энэ асуудалд Засгийн газар, ялангуяа хариуцсан сайд Ж.Энхбаяр анхаарч, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.”






