
Өнгөрсөн даваа гарагт Куб даяар тог тасарчээ.
Төрийн өмчит Unión Eléctrica de Cuba компани цахилгаан эрчим хүчийг сэргээхээр ажиллаж байгаагаа мэдэгдэж, дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэг доголдол гараагүй гэдгийг онцолсон бол Эрчим хүч, уул уурхайн яам тог тасарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэжээ.
Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель өнгөрсөн баасан гарагт тус улсын эрчим хүчний салбар газрын тосгүй зөвхөн нарны эрчим хүч, байгалийн хий болон дулааны цахилгаан станцуудын тусламжтай ажиллаад 3 сар гаруй хугацаа өнгөрч байгааг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын эрчим хүч, эдийн засгийн салбарын хямрал гүнзгийрээд байна.

Долоо хоногийн өмнө Кубын баруун зүгийн бүс нутгуудад тог тасарч, олон сая айл өрхүүд тоггүй хоцорсон билээ.
11 сая орчим хүн амтай Куб улс өмнө нь Венесуэлээс газрын тос импортолдог байсан ба АНУ өнгөрсөн 1-р сард Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилснаас хойш Венесуэл Кубд газрын тос экспортлохоо зогсоосон билээ.
Ерөнхийлөгч Мигель Диас-Канелийн хэлснээр Куб улс Вашингтонтой яриа хэлэлцээ хийж байгаа ба хоёр орны хооронд байгаа үл ойлголцлыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг яриа хэлэлцээний замаар олохыг хичээж байгаа гэжээ.
Албан ёсны эх сурвалж: AP News






