
Ж.Нарантунгалаг: Шавь нартаа “эгэл даруу бай” хэмээн сургаж, хүмүүжүүлдэг
Хүн бүхэн бүх л зүйлийг суралцаад, төгс эзэмшсэн төрчихдөггүй. Хөлд орсон цагаас эхлээд л ямар нэгэн багшийн гар дамжсаар өөрийн амьдралын түүхээ бүтээдэг.
“Сайн багшаас сайн шавь” төрдөг гэдэгчлэн шавийнхаа хэрхэн, ямар замналаар тод од болон гялалзах нь багш, дасгалжуулагчтай салшгүй холбоотой. Иймээс анхны сууриа маш сайн тавихын тулд бид гагцхүү сайн багшаар зөв хүнийг л сонгох чухал.
Мэргэжлийн холимог тулаанд Монгол Улсын олон олон залуусыг амжилт, ялалтаар дүүрэн явахад зөв чиглүүлэн, амьдралд нь чухал чиглүүлж яваа багш дасгалжуулагчдын нэг бол One championship холбооны 2012 оны аварга, МУГТ Жадамбаагийн Нарантунгалаг юм. Түүнийг шавь нь нар нь “Гар сайтай багш” хэмээн тодорхойлж ярилцдаг. Үнэхээр ч энэ үгтэй дүйцэхүйц олон шилдэг тулаанчид түүний гараас л эхлэлтэй.

Мэргэжлийн холимог тулааны лиг буюу том оргил UFC-д түүний шавь Д.Батгэрэл Монголын анхны тулаанч болж, зам мөрийг нээж байв. Тэгвэл өнөөдөр түүний араас мөн л МУГТ Ж.Нарантунгалагийн шавь, холимог тулаанч Т.Нямжаргал UFC-д хөл тавьж, 03 дугаар сарын 08-ны өдөр болсон “UFC326”-д ээлжилт ялалтаа байгуулсан билээ.


Харин дараагийн шавь нь “MGL”-ийн 2024 оны 70 кг жингийн аварга “Шандас ММА”-ийн тамирчин Т.Намнанбаяр Хятад Улсын холимог тулааны “JCK” буюу (JUE CHENG KING) холбоонд тулалдахаар өчигдөр (2026.03.16) урд хөршийг зорилоо.


Энэхүү том тулаанд зорихын нь өмнө “Шандас ММА” клубыг үүсгэн байгуулагч, ахлах дасгалжуулагч МУГТ Ж. Нарантунгалагтай амжиж, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу? Таны шавь Т.Намнанбаярын тулааны тов хэдийнээ гарчээ?
-Сайн байна уу. Хятад улсын Холимог тулааны шилдэг нь болох JCK (Jue Cheng King) холбооны аваргын төлөөх тулаанд манай шавь Т.Намнанбаяр тулалдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.


-Түүний өрсөлдөгч нь хэн байх вэ?
-Т.Намнанбаярын өрсөлдөгчөөр JCK MMA-н аваргын бүсний эзэн, 1 сая юанийн шагналыг өмнө нь 2 удаа хүртэж байсан Aili Mulatebieke (20-3) шалгарч үлдээд байгаа юм.
-Энэ том тулааны хамгийн гол онцлог юу байх вэ?
-Монгол тулаанчдад өмнө нь болж байгаагүй тийм том даацтай тулаан. Хятад улсын Холимог тулааны шилдэг нь болох JCK (Jue Cheng King) Холбооноос зохион байгуулж байгаа хамгийн өндөр шагналтай тулаанд Монгол тулаанч анх удаа өрсөлдөхөөр шалгарсан. Энэхүү тулааны ялагч нь 1 сая юань (500 гаруй сая төгрөгийг) хожино. Шагналын мөнгө нь ямар ч татвар байхгүй цэвэр 1 сая юань буюу ялагчид шагналтын тавцан дээр шууд бэлнээр гардуулдаг мөнгөн шагнал юм. Түүний өрсөлдөгчөөр JCK MMA-н аваргын бүсний эзэн, 1 сая юанийн шагналыг өмнө нь 2 удаа хүртэж байсан Aili Mulatebieke (20-3) шалгарч үлдээд байгаа билээ.
-Шавь нарынхаа амжилтаар бахархах, баярлах нь үнэхээр сайхан. Нэг ёсондоо шавь нар тань багшийнхаа ачийг амжилт, ялалтаар хариулж байна гэсэн үг болов уу?
-Ер нь гайхалтай шүү дээ. Би чинь одоо өөрөө бас л олон тулаан хийж байсан, олон дажгүй амжилт үзүүлж байсан, мөн өөрөө дэлхийн аварга ч болж байлаа. Тэгж байхдаа би өөрөө нулимс унагаж үзээгүй байхгүй юу.
Гэтэл өмнөх жил Б.Энх-Оргилыг дэлхийн аварга болоход уйлсан шүү дээ. Тэгэхээр чинь нөгөө өөрийн амжилтаас илүү, шавь нарынхаа амжилтад мөн бусдыгаа ингээд амжилтад хүргэхээр илүү бахархах мэдрэмж төрдөг юм байналээ.
Үнэхээр гайхалтай мэдрэмж байдаг даа. Тэгээд олон шавь нараараа амжилт ингээд гаргахад нь баярлаад л яваад байна.


Ж.Нарантунгалаг: Өөрөө олон амжилттай тулаан хийж ялж явахдаа уйлж үзээгүй.
Харин шавь нараа ялахад нь баярласандаа эрхгүй уйлчихсан
-Т.Намнанбаяр хэзээ энэ том тулааны финалд шалгарсан бэ?
-2025 онд энэхүү том тулааны хасагдах шатны 8 тамирчнаас шалгарч үлдсээр байгаад, аваргын төлөө тунаж үлдчихээд байгаа. Энэ тулаанд монгол тамирчдаас өмнө нь оролцож байгаагүй анхны тохиолдол.
Бид бүхэн энэ тулаанд гол анхаарлаа хандуулан бэлтгэж байна.
-Холимог тулаан тэр дундаа мэргэжлийн түвшинд тулалдах хүртлээ маш амаргүй, том давааг туулдаг. Хамгийн гол нь нэн тэргүүнд тулаанч хүн ямар зан чанарыг эрхэмлэх ёстой вэ?
-1 дүгээрт тууштай зан чанар маш чухал. Тэр спортдоо, тулаандаа тууштай хөдөлмөрлөж чадвал 1 дүгээр авьяас нь энэ байгаа юм. Мэдээж тухайн тамирчны төрөхөөс эхлээд өссөн орчин, нөхцөл гол нөлөөлдөг гэж би боддог.
Багаасаа хөдөө өссөн, адуу малтай ноцолдоод сэтгэлзүй нь өндөр, бие бялдрынх нь хөгжил маш хүчтэй болчихсон хүүхдүүд илүү ашигтай, сайн талтай байна.
Миний хувьд олон жилийн хугацаанд шавь нараасаа үүнийг их анзаараад байгаа. Монгол ахуй, мал маллах, хөдөө ноцолдоод өсчихсөн хүүхдүүд чинь шал өөр байдаг юм билээ. Сэтгэлзүй нь арай өөр, бэргэх юм байхгүй, тэгээд айж сандрахгүй байна гэдэг чинь тулааны явцад сэтгэмж өндөр, яг тэр дэвжээн дээр гоё сэтгэнэ гэсэн үг шүү дээ. Айж сандрахгүй байхаар чинь тайван зангаар бодож чадна гэсэн үг.
-Таны хувьд бас хөдөө өссөн байхаа?
-Би өөрөө бас хөдөө мал дээр Булган аймгийн Бугат суманд төрж өссөн. Мөн л багаасаа хурдан морь унаад л ингээд л өссөн. “Шандас ММА” клубээсээ харж байхад Сүхбат, Шинэбаатар, Отгонбаатар, Дагийсүрэн, Намнанбаяр, Энх-Оргил энэ Нямжаргал хүртэл хурдан морь унаж байсан, хөдөө өссөн хүүхдүүд байхгүй юу. Ийм багаасаа мал ахуй дээр өсөөд, багаасаа ах нар, эцэг эхийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд сурчихсан. Тэдээс малаа услуулаарай, өглөөд малаа услуул, хот хороогоо цэвэрлэ. Тэгээд хурдан морь унаж байвал яг тэр үед нь амыг нь татаад, тавиад ташуурдаарай гэдэг ч юм уу. Өгсөн ийм үүрэг даалгаврыг ингээд л гүйцэтгээд багаасаа сурчихсан учраас дараа нь тулааны явцад араас нь багш хүн үг хэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр дор нь гүйцэтгэх чадвар маш өндөртэй байдаг. Тэр нь биеийнх нь тэсвэр хатуужилтай, зориг хүчтэй хөгжил жигд сууснаас гадна сэтгэн бодох чадвар тархинд нь хүртэл эерэгээр нөлөөлчихсөн. Багш үүрэг даалгавар өгнө, тамирчны гүйцэтгэх чадвар өндөртэй байдаг.
Холимог тулаанаар хичээллээд амжилт гаргахаар зорьж буй бол нэн түрүүнд “Тууштай байх” нь чухал
-Тэгэхээр аливаа салбарт амжилт үзүүлэх эсэх, ирээдүй нь гэрэлтэх, хэрхэх нь хүүхдийн суурь хүмүүжил өссөн орчинтой чухал холбоотой байхнээ?
-Тийм. Хүүхдийн суурь хүмүүжил нь эцэг эхээс нь маш их шалтгаална. Монголчуудын нэг зүйр үг байдаг байхгүй юу. “Сэдсэн үйлээ бүттэл нууж яв, сэжиглэсэн хэргээ илэртэл харж яв” гэдэг.
Тийм учраас бид нар дэлхийн аварга болно гээд зорьж байгаа бол тэрийгээ аль болох дотроо хадгалаад, зорилгоо бүттэл өөрсдөө нуугаад явчихъя гэдэг утгаар л шавь нараа ер нь хүмүүжүүлдэг юм.
Тэгээд “эгэл даруу бай” гэдэг утгаар шавь нартаа зааж, захидаг. Монголчууд бид чинь өвөг дээдсийн баатарлаг дайчин түүхтэй, тэр өвөг дээдсийн тэр захидал нь хүртэл тийм байдаг биз дээ. Одоо та нарыг очиж дайтна, ингэнэ, тэгнэ гэж үглэж, айлгахаас илүүтэйгээр хэрхэхийг тэнгэр мэдэг гэдэг байсан. Энэ утгаар нь жаахан даруухан байж байгаад, амжилт ялалт чинь нь угаасаа буцлаад ирнэ. Тэр утгаараа хэлэхээсээ илүү хийж, бодит үйлдлээрээ харуулаасай гэдгээр ер нь хэлдэг байхгүй юу. Ярьж хэлнэ өөрөө ч гэсэн тийм байхыг ер нь хүсдэг. Ил ярихаасаа илүү амжилт нь л бодитоор харуулж, өөрийг нь илэрхийлж байна гэдэг утгаар ярьж явдаг шүү дээ.
Ж.Нарантунгалаг: Би шавь нартаа “Сэдсэн үйлээ бүттэл нууж яв, сэжиглэсэн хэргээ илэртэл харж яв” хэмээн сургадаг
Энэ ч утгаараа “Зуудаг нохой хуцдаггүй” гэж монгол үг байдаг шүү дээ. Тэгээд л зодолддог хүн чалчдаггүй гээд л нэг гуйвуулаад л ярина шүү дээ бас.(инээв)
Ярилцсанд баярлалаа.
Спортын сурвалжлагч: А.Алтанчимэг
Зураглаач: Н.Мөнх-Эрдэнэ, Д.Гэлэгжамц






