
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын шилэн данстай холбоотой гарч буй мэдээлэлд тайлбар өглөө.
Тэрбээр өөрийг нь дүүргийн төсвийн зарцуулалттай холбон буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэлээ.
Сүүлийн үед Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын шилэн данснаас 30 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм. Мөн нэг бүр нь 30 сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, нийт 720 сая төгрөг зарцуулсан гэх яриа гарсан. Үүнээс гадна Ахмадын хороонд 340 сая төгрөг шилжүүлсэн тухай мэдээлэл ч яригдаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Намайг бүх асуудлыг мэддэг юм шиг, Баянзүрх дүүрэгт болж байгаа бүх зүйлд буруутгах гэж байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал. Дүүрэг дээр болсон аливаа хэрэг, тэр байтугай хүн амины хэрэг гарсан ч над дээр тохох вий гэсэн байдал үүсэж байна” гэж хэлэв.
Мөн тэрбээр дүүргийн Засаг даргын эрх мэдэл нь хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын хүрээнд хэрэгждэг тул УИХ-ын гишүүн тэдгээр шийдвэрт оролцох боломжгүй гэдгийг онцолсон байна.
“Манай салбартай холбоотой асуудал байвал би хариулж болно. УИХ-ын гишүүнтэй холбоотой зүйл байвал ч хариулна. Харин дүүргийн Засаг даргын эрх мэдэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг би мэдэх боломжгүй” гэв.
Түүнчлэн сар шинийн золголттой холбоотойгоор төсвийн мөнгө зарцуулсан гэх мэдээллийг үгүйсгэжээ.
Э.Бат-Амгалан “Жил бүр намын ахмад настай гишүүдээ хүндэтгэн хүлээн авч золголт хийдэг уламжлал бий. Энэ нь ахмаддаа хүндэтгэл үзүүлж байгаа баярын арга хэмжээ. Үүнд төсвийн мөнгө огт ашиглаагүй, бүх зардлыг намаас болон өөрсдөөсөө гаргасан” гэж мэдэгдсэн байна.
Мөн уг асуудлыг өөртэй нь холбон ярьж байгаа талаар Х.Нямбаатараас асуух хэрэгтэй гэв.
М.Солонго






