
Тайландад хоёр дахь жилээ “Death Fest” буюу “Үхлийн наадам” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Уг үзэсгэлэнгээр зочилсон иргэд оршуулгын төрөл бүрийн үйлчилгээнүүд, эрүүл мэндийн үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ, санхүүгийн төлөвлөлт, оршуулгын үйлчилгээнд гарсан инновацуудын талаар мэргэжлийн байгууллагууд болон мэргэжилтнүүдээс мэдээ мэдээлэл авах боломжтой аж.
Сангдуан Нгамвинижарүүн 3 өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд ээжийн хамт иржээ. 20 гаруй жилийн турш харвалт өгсөн нөхөр, хавдраар оношлогдсон хамаатнаа асарч, ойр дотнынх нь хэд хэдэн хүн нас барахыг харсны хувьд тэрээр үхлийн талаар арай илүү чөлөөтэй ярьж чаддаг болжээ. Тэрээр “Death Fest” үзэсгэлэнгийн гол зорилго нь зөвхөн тухтай байдлаар нас барах тухай биш өнөөдрөөрөө амьдарч, эрүүл мэнддээ анхаарч, үлдсэн хугацаагаа чанартай өнгөрүүлэх тухай гэжээ.
Түүнчлэн иргэд зөвхөн үхэлд бэлдэх тухай биш сүүлийн мөч хүртлээ амьдралын чанараа алдахгүй байх тухай лекц, зөвлөгөөг мэргэжлийн хүмүүсээс сонсох боломжтой аж.
Тус үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчдын нэг The Cloud сэтгүүлийн Ерөнхий редактор Зонгклод Бангихан үзэсгэлэнгийн гол утга нь “Нас барах ямар байдаг тухай ургуулан бодож суухынхаа оронд ард үлдэж буй хүмүүсийнхээ амьдралыг хэрхэн хөнгөвчлөх вэ гэж бодох ёстойд оршиж байгаа юм болов уу” хэмээн ярьжээ.
Үзэсгэлэнгээр зочилж буй иргэдийн хамгийн их сонирхсон павильон нь “Test Die” байв. Иргэд тус павильонд төрөл бүрийн авсанд хэвтэж, өөрсдийнхөө авсанд хэвтэж буй дүр төрхийг таазанд өлгөсөн толинд харах боломжтой бөгөөд энэ нь хүнийг айдаст автуулах бус үлдсэн амьдралаа эргэцүүлэн бодоход хүргэх зорилготой аж.


Үзэсгэлэнд оролцож буй Sharesoul цахим платформыг үүсгэн байгуулагч Ноппасавард Паняжарай Sharesoul нь хэрэглэгчдэд гэрэл зургуудаа хадгалах, хайртай хүмүүсийнхээ тухай түүхийг хуваалцах, өөд болсон найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хайртай тэжээвэр амьтандаа хүртэл мессеж бичиж үлдээдэг, талийгчдын дурсгалыг хүндэтгэх боломжийг олгодог цахим талбар болсныг дурджээ.
Мэдээний албан ёсны эх сурвалж: AP News






