
Ираны АНУ болон Израилтай хийж буй дайн 3 дахь долоо хоног руугаа орж, Тегераны зүгээс Арабын Нэгдсэн Эмират улсын далайн боомтууд болон хотуудад цохилт үзүүлнэ хэмээн заналхийлжээ.
Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи MS NOW сувагт өгсөн ярилцлагадаа АНУ Арабын Нэгдсэн Эмират улсын Рас Аль-Хайма хот болон Дубай хотоос холгүй байршлуудаас Ираны газрын тосны экспортын гол терминал байрлах Харг болон Абу Муса арлуудад цохилт үзүүлсэн болохыг онцолжээ. Тэрээр Вашингтон энгийн иргэд олноор төвлөрсөн газраас цохилт үзүүлж буй байгаа нь маш аюултай хэмээн Тегеран хариу цохилт үзүүлэхдээ энгийн иргэдийн аминд хүрэхгүй байхад анхаарах болно гэжээ.
Ираны дайны улмаас дэлхий даяар газрын тосны үнэ нэмэгдэж, нийлүүлэлт нь доголдох эрсдэлд ороод байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн бямба гарагт БНХАУ, Франц, Япон, БНСУ, Их Британи зэрэг улс орнууд газрын тосны экспортод чухал нөлөөтэй Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээлттэй бөгөөд аюулгүй байлгахын тулд байлдааны хөлөг онгоцнуудаа илгээнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.
Түүний уг мэдэгдлийн хариуд Их Британи улс түнш орнуудтайгаа газрын тосны нийлүүлэлтийг хэвийн явуулахын тулд хэд хэдэн хувилбаруудыг хэлэлцэж байна гэжээ.
Өнгөрсөн бямба гарагт Иракийн нийслэл Багдад хотод байрлах АНУ-ын элчин сайдын яамны нисдэг тэрэг буудаг талбай пуужингийн цохилтод өртсөн байна. Ираны дайн эхэлснээс хойш Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам нь Ираныг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд, хөдөлгөөнийхний гол бай болоод байгаа юм.


Мэдээний албан ёсны эх сурвалж: AP News






