
Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дахинд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хорт хавдрын нэг бөгөөд олон улсын судалгаагаар 2022 онд дэлхий даяар 662 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 348 мянга орчим эмэгтэй энэ өвчний улмаас нас баржээ. Эдгээр нас баралтын дийлэнх нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолдсон байна.
Энэ хавдрыг хүний папиллома вирус (HPV) үүсгэдэг бөгөөд эрт илрүүлэг, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчний нэг юм.
Гэсэн ч Монгол Улсад уг өвчний тархалт өндөр хэвээр байна. Жил бүр дунджаар 500 орчим эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож, энэ нь монгол эмэгтэйчүүдийн өвчлөлийн хоёр дахь, нас баралтын гурав дахь шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл оношлогдсон хоёр эмэгтэй тутмын нэг нь амь насаа алддаг гэсэн үг.
“Хүүхдүүд л хамгийн түрүүнд нүдэнд харагддаг юм билээ”
Энэ өвчинтэй нүүр тулсан хүмүүсийн нэг нь 2025 оны эхээр умайн хүзүүний хорт хавдраар оношлогдсон Ц.Цацрал юм.Түүний хувьд хавдрын гуравдугаар үе шатан дээрээ оношлогдсон ч шинжилгээ, эмнэлгийн ойчроос үүдэн хавдрын дөрөвдүгээр үе шат руу гаа орсон юм. Мөн зөвхөн умайн хүзүүний хорт хавдраас гадна бөөрний үрэвсэлтэй хавсарч 70 гаруй килограмм жинтэй байсан тэрээр 40-оод килограмм болтлоо турж, өндгөвчний эсээ авхуулан дахин үртэй болох боломжгүй болжээ.
Тэрбээр анх шинжилгээ өгөхөөр очихдоо ийм онош сонсоно гэж төсөөлөөгүй гэдгээ ярив.


“Анх 2025 оны нэгдүгээр сарын 20-нд цэргийн эмнэлэг дээр эход харуултал ‘умай чинь 9.5 сантиметртэй том байна, хавдрын эмнэлэгт яаралтай оч’ гэсэн. Эдийн шинжилгээ өгөөд 21 хоногийн дараа хариу нь гарч, умайн хүзүүний хорт хавдрын гуравдугаар үе шат гэж оношлогдсон.


Заримдаа маш хэцүү үе бий. Үхээд өгмөөр… Хань ижлээ ч зовоогоод, үр хүүхдээ ч зовоогоод. Аав, ээжийнхээ ачийг нь хариулж чадахгүй ийм байдалтай байгаадаа харамсдаг.
Гэхдээ эмчилгээ байгаа болохоор “даваад гарна даа” л гэж өөртөө хэлдэг.


2012 онд вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдээс үргүй болсон тохиолдол нэг ч байхгүй
Монгол Улс 2012 онд охидыг умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор HPV-ийн эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлж байв. Гэвч тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгарснаар хөтөлбөр зогссон юм.
Эсэргүүцлийн гол шалтгаан нь вакцин охидыг үргүй болгодог гэх ташаа ойлголт байжээ.


Б.Цэцэгсайхан:
“2012 онд папиллома вирусийн эсрэг вакциныг 9000 орчим эмэгтэйд хийсэн. Тэднийг 5 болон 11 жилийн дараа дагаж судлахад вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд үргүйдэл үүссэн нэг ч тохиолдол байгаагүй. Харин вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдийн дунд халдварын тохиолдол 8 дахин өндөр байсан.”
Паппилома вирусын эсрэг вакцин насаар нь хамгаалж чадах уу?
HPV-ийн эсрэг вакцин Монгол Улсад 2023 оноос үндэсний товлолт дархлаажуулалтын хуваарьт орсон. Гэвч өнөөдөр ч вакцины эсрэг байр суурьтай хүмүүс байсаар байна.


Г.Алтанцэцэг:
“Манайх шиг цөөхөн хүн амтай оронд бага насны хүүхдүүд дээр туршилт хийх нь буруу гэж үздэг. 9 эсвэл 15 настайд нь хийсэн вакцин хүнийг насан туршид нь хамгаална гэдэгт эргэлздэг.”


О.Дашпагма:
“Манай улс хүний папиллома вирусийн эсрэг дөрвөн цэнт вакциныг ашиглаж байгаа. Энэ вакцин HPV-ийн 6 төрлийн хавдраас хамгаалдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийг хамгийн түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдгийг дэлхий даяар судалгаагаар баталсан.
Вакциныг нэг тун хийлгэснээр ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас 80-90 хувь хамгаалах боломжтой.
Австрали Улс 2030 он гэхэд вакцины тусламжтайгаар умайн хүзүүн хорт хавдаргүй улс болохоо зарлана
HPV вакцин олон оронд өргөн хэрэглэгдэж, хавдрын тохиолдлыг мэдэгдэхүйц бууруулжээ.
Жишээлбэл:
- Их Британид 12-13 настай хүүхдүүдийг вакцинжуулснаар умайн хүзүүний хавдрын тохиолдол 87 хувиар буурсан
- Австрали улс 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн устгасан улс болох зорилт тавьжээ.


Хоёр хүүхдийн нэг нь л вакциндаа хамрагдаж байна

Монгол Улсад HPV вакциныг товлолт дархлаажуулалтад оруулсан ч хамрагдалт хангалтгүй хэвээр байна. 2025 оны байдлаар хамрагдалт ойролцоогоор 54 хувь байгаа нь вакцин хийлгэх насны хоёр хүүхэд тутмын нэг нь л вакцинаа хийлгэж байна гэсэн үг юм.
Манай Улсад паппилома вирусын эсрэг вакциныг 11 настай охид, хөвгүүдэд өрхийн эмнэлэг дээр нь үнэ төлбөргүй хийдэг. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд шинжилгээндээ хамрагдан тодорхой хэмжээний төлбөр төлөн хийлгэх боломжтой.






