
“Хориотой” жүжгийн Номин миний өмнө сууж байна. Батдоржийн Номин-Эрдэнэ хэмээн аавынхаа нэрийг тайзнаа дуудуулах сайхан байсан гэнэ. Тэрбээр 2019 онд СУИС-ийг төгссөн, жүжигчин мэргэжилтэй. Аав, ээж, ах нарынхаа хайран дунд бөмбөрч өссөн айлын бага. Хоёр ах нь багш мэргэжилтэй. Түүний бага нас Улаанбаатарт өнгөрчээ. Аав, ээж нь Говь-Алтай аймгийн Халиун сумын улс. Тэр утгаараа Говь-Алтай аймгийнх гэж хэлэх дуртай.
Нийслэлийн 105 дугаар сургуульд суралцаж байгаад, ахлах ангиасаа “Шинэ зууны удирдагч” сургууль руу шилжиж байжээ. Өмгөөлөгчтэй кино үзвэл өмгөөлөгч болмоор, нэг бол бүжигчин болмоор санагдахыг яана. Өөрийнхөө харсан, гоё гэж бодсон бүхэнд сэтгэл татагдаж, яг л тийм хүн болмоор. Харин тэр нэг жил урлагийн үзлэгт орж, жүжигчилсэн тоглолтын нэг дүр болсон нь урлагийн хүн болно гэсэн шийдэлд бат хүргэжээ. Ахыг нь СУИС-т орно гэхэд тас эсэргүүцэж байсан аав хүн “миний охин өөрөө л мэд” гэж түүнд л зөвшөөрчээ.

Тэрбээр аав, ээжийнхээ талаар ийн ярилаа.
“Ээж минь залуудаа хөгжимчин байлаа. Янз янзын л юм хийж үзсэн. Манай аав таксинд явдаг, ээж минь Нарантуул зах дээр цагаан утас ажиллуулдаг байсан тийм л энгийн улс.
Би чинь аавын охин. 28 настай намайг аав өглөө бүр үнсэж сэрээнэ. Над руу муухай харж ч үзээгүй. Хоолойных нь өнгө өсөхийг ч үзээгүй. Арван жилийн сурагч байхдаа хичээл номоо хийхгүй, аав, ээжийнхээ чихийг багахан халууцуулсаан. Багш нэг өдөр аавыг дуудаад, “Охин чинь хичээл номоо хийхгүй, өглөө болгон хоцроод байна” гээд л ярьж гарлаа шүү. Аав сонсож, сонсож “Өөрийн гэсэн толгойтой хүн өөрийгөө мэдэж байгаа байх” гэж байна аа. “Миний охин юу хиймээр байна. Чиний дотор юу багтаж байна. Чансаа чинь хүрч байвал тэрийгээ л хий” гэдэг. Надад итгэж байгаагийнх нь хэл байх.
Ээж маань их зөөлөн хүн. Хүнд хатуу үг хэлж чаддаггүй. Хоёр ахад, аавд хэлмээр байгаа юмаа надад хэлнэ. Би шуудан зөөгчийн ажил хийнэ шүү дээ. Ээжийгээ жаахан өрөвдөөд байдаг юм /уйлав/. Хоёр уяхан хүнийлээ үр дээ би чинь.
Ээж, аав хоёрынхоо амьдралыг сонсохоор, залуу насандаа хийж байсан ажил төрлийг нь бодохоор жаахан өрөвдөөд байдаг юм. Нарантуул зах дээр өвлийн хүйтэнд цагаан утас ажиллуулаад л… Цаг хугацаа гээч яасан ч хурдан юм. Саяхан л аав, ээжийнхээ хөгширч буйг анзаарлаа. Хамаатан саднууд маань “Охин чинь хүнтэй суух болоогүй юм уу” гэж байнга хэлнэ. “Үгүй, миний охин болоогүй. Залуу насаараа гоёод ингээд явж байг” гэж бусдаас өмгөөлж харагдана. Аав, ээжийнхээ ачийг сайн хүнтэй сууж хариулна даа. Яаж өсгөсөн охин нь билээ дээ. Сайн хүнтэй л сууна гэж бодож байгаа.
Саяхан нэг кино үзсэн чинь охин нь айлын бэр болж очоод гэрийн ажил мэдэхгүй, хөөрхий минь загнуулж байна лээ. Ээж нь бүх зүйлийг нь хийж өгдөг байсан байгаа юм. Би бас тийм. Өглөө сэрэхэд л, гэртээ ирэхэд л бүх юм бэлэн байдаг. Ээж бүгдийг хийчихсэн л… Тэдэндээ хааяахан л гарын хоолоо зориулж хийж өгнө. Үнэнээ хэлье ээ. Ээждээ цай чанаж өгөөгүйгээ. Цай чанаж өгнө л гэж боддог доо.”
-Хэрэв Б.Номин-Эрдэнэ жүжигчин болоогүй бол хаана, юу хийж яваа бол?
-Спортын хүн болсон бол гэж боддог. Бүх төрлийн спортод чинхүү дуртай. Спортын сэтгүүлч болохыг хүсдэг байлаа. Өөрийн гэсэн ток шоутай, ярилцлагын нэвтрүүлэгтэй болохыг хүсдэг. Одоо ч оройтоогүй гэж боддог.


Мягмарнарангийн Батболдын найруулгаар хүрч буй “Хориотой” жүжгийн Номины дүр бол түүний анхны том тайз гэж хэлж болно. 2019 онд СУИС-ийн оюутан байхдаа л тайзан дээр гарч байсан тэрбээр “Олон жилийн дараа тайзан дээр гарахад буцаад оюутан болчихсон юм шиг мэдрэмж төрлөө. Бүх зүйл шинэ. Найруулагчийн, ахмад уран бүтээлчдийн хэлж буй үгс яг л хичээл шиг. Анх “Ийм дүр байна, ирээд уулзаач” гэхэд “Ямар гоё юм” гэж хүлээж авсан хэр нь “Больчихдог ч юм уу. Би чадах болов уу” гэж өөрөөсөө асуугаад л… Нэлээн шүүсээ шахуулсан. М.Батболд найруулагчийн хувьд хүнийг өөрөө өөртөө нь ажиллуулах боломжийг олгодог хүн байна лээ. Дахиад тайзны уран бүтээлд ажиллах боломж юу байна гээд л уран бүтээлийн хүсэл дүүрэн байна” хэмээлээ.
Улсын драмын эрдмийн театрт орж ажиллах хүсэл байсан ч түүнийг төгсдөг жил шалгалт аваагүй юм байна. Ингээд “Эмоци продакшн”-д орж, нэг жил ажиллаад “Favway” уран бүтээлийн нэгдлийг найз нарынхаа хамтаар байгуулсан түүхтэй. Түүнийг найзууд нь Жижгээ гэж дууддаг.


Тэрбээр найзуудынхаа талаар “Анх СУИС-ийн нэг анги руу орсон чинь манай гурав сууж байсан. Хувь зохиол л гэж боддог доо. СУИС-т орох гээд Томоо, Жими бид гурав хамт бэлдэж байсан юм. Тэгээд нэг ангид орж таарсан. СУИС-т байхдаа би тэр гуравтай нэг их нийлддэггүй байлаа. Төгсөх дөхөөд, бид дөрөв яагаад ч юм хамт сургууль дээр үлддэг, хамтдаа цагийг өнгөрүүлдэг болсон байсан. “Дөрвүүлээ хийцгүйрч, чойрсоор байгаад нийлсэн дээ” гэж ярих дуртай. Үнэхээр л тэр их цагийг хамт өнгөрүүлсэн болохоор өнөөдрийн “Favway” бий болсон гэж боддог.
Ковидын үед бид дөрөвт 300, 300 мянган төгрөг байлаа. Тэр мөнгөө нийлүүлээд байр түрээслэх гэж үзлээ. Сарын түрээст хүрэхгүй. Тэгээд байрны эзнээс гуйлаа. “14-хөн хоног түрээсэлчихье. Дөрвөн охин байгаа юмаа” гээд зөвшөөрүүлж чадсан. Тэгээд бид Youtube сувгаа нээгээд 14 хоног влог хийж байлаа.


Манай “Favway”-ийн хувьд хамгийн сүүлийнхээ вэб драмыг хийсэн. Дахиж вэб драм хийнэ. Гэхдээ өөрсдөө тоглохгүй гэсэн байр сууринд хүрсэн. Бидний хувьд хамгийн анхныхаа бүрэн хэмжээний олон ангид киног хийх гээд ажиллаж байна. Энэ бол хамгийн ойрын том зорилго байна. Энэ зун ханцуйгаа шамлаад орно гээд л байж байна” хэмээлээ.
Ярилцлагын төгсгөлд тэрбээр аав, ээж нь ирж жүжиг үзсэн өдрийн түүхээс хуваалцсан юм.


“Хориотой” жүжиг гуравдугаар сарын 7-нд миний төрсөн өдрөөр нээлтээ хийсэн. Анх жүжгээ уншиж эхлэхдээ л “Яанаа, яаж аав, ээждээ үзүүлнэ ээ” гэж бодож байлаа. Өчигдөрхөн ээж, аавыгаа уриад үзүүлсэн. “Даралтын эмээ уусан уу, тайван байгаарай. Энэ бол жүжиг шүү” гэж ээж, аавдаа хэлээд амжсан. Аав маань дээл өмсөөд, Алтан гадас одонгоо зүүчихсэн ирсэн. Театрын жүжиг учраас театрыг хүндлээд гоё хувцсаа өмсөнө гэсэн ойлголт аав, ээж хоёрт бас байна аа. Манай аавын хамгийн гоё хувцас гэсэн чинь дээлээ л өмсье гэж бодсон юм шиг байгаа юм. Жүжиг дуусаад очоод уулзсан чинь “Ааваас нь өөр дээл өмссөн хүн алга” гэж байгаа юм чинь” гэлээ.






