
Аж, үйлдвэр эрдэс баялгийн яамны Шатахууны үнийн зөвлөл өнөөдөр /2026.03.13/ цаг үеийн асуудлаар хуралдлаа.
Уг хурлаас гарсан шийдвэрийн талаар АҮЭБЯ-ны дэд сайд Б.Энхтүвшин мэдээлэл өглөө.
АҮЭБЯ-ны дэд сайд Б.Энхтүвшин: “Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тосны үнэ 30 хувиар өссөн”
-Аж, үйлдвэр эрдэс баялгийн яам дээр 30 гаруй дүрэм журам мөрдөгдөж байна. Эдгээр дүрэм, журмыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Тухайлбал, эдийн засгийн өгөөжтэй байх, хүний эрхийн зөрчилгүй байх тал дээр анхаарч судалгаа хийж 15 болгож багасгахаар ажлын хэсэг байгуулж ажиллаж байна. Мөн үнийн зөвлөл хурлаа хийж ААН байгууллагуудад, шатахууны үнэ болон хангалтыг тогтвортой байлгах зөвлөмж хүргүүлсэн. Стратегийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах хууль бий. Энэ хүрээнд энэ жил 480 мянган тонн нефт бүтээгдэхүүн шатахуун хадгалах сав барья гэж байгаа юм. Улмаар шатахуун хадгалах сав барих боломжтой банк, ААН-үүдтэй уулзаад байна.
Өнөөдрийн байдлаар 20 гаруй Аж, ахуй нэгж шатахуун хадгалах сав барих хүсэлтээ ирүүлээд байгаа. Банкуудын тухайд өөрсдийн эх үүсвэрээр буюу 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргах боломжтой гэдгээ хэлсэн.
Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбогдуулаад газрын тосны үнэ 30 орчим хувиар өсөөд байна. Хоёрдугаар сарын 28-нд ОХУ-д захиалгаа өгсөн. Тодруулбал, 40 мянган тонн АИ-92, 130-аад мянган дизель түлш авахаар болсон, энэ нь нэмэгдэл үнээр ирсэн. Гэхдээ АН-үүдэд ойрын арав хоногт үнээ тогтвортой байлгах хүсэлт тавиад байна. Ингээд энэ сарын 26,27-ний үеэр үнийн зөвлөлөө хуралдуулж, хэдий хэр хэлбэлзэл гарахыг тооцоолно. ОХУ-тай энгийн 92 бензин дээр тогтворжуулах гэрээг гурван жилээр байгуулсан байсан тогтворжуулах гэрээний хугацаа энэ онд дууссан. Тиймээс дахин нэг жилээр буюу 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгаад байна. Гэрээн дээр 30-аас дээш хувийн хэлбэлзэл үүсвэл аль нэг талын санаачилгаар үнэд өөрчлөлт оруулна гэж заасан байгаа. Гэхдээ Ойрхи Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдал гайгүй болбол үнэ өөрчлөгдөхгүй. Энгийн АИ-92 2590-2700 төгрөгийн үнэтэй хэвээрээ мөрдөгдөнө” гэлээ.
Өнөөдрийн байдлаар АИ-92 энгийн 40 хоног, АИ-95 71 хоног, онгоцны түлш 24 хоног, дизель түлш 27 хоног, шингэрүүлсэн шатах хий 34 хоногийн нөөцтэй байна. Ирэх сарын 15 хүртэл шатахууны хангалттай нөөцтэй байгаа гэдгийг хэллээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






