
Монгол Улс махны экспортын боломжоо бүрэн ашиглах шаардлагатай байна
Монгол Улс мал аж ахуйн салбарын арвин нөөцдөө тулгуурлан мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвөөс хийсэн “Монгол Улсын махны экспортыг нэмэгдүүлэх замын зураг боловсруулах судалгаа”–ны дүнгээс үзэхэд Монгол Улс жилд 170–200 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэйбөгөөд энэ нь эдийн засгийг уул уурхайн салбараас төрөлжүүлэх чухал боломж гэж үзэж байна. 2025 оны байдлаар Монгол Улсад 58.1 сая толгой мал тоологдсон нь махны үйлдвэрлэл, экспортын түүхий эдийн хангалттай суурь нөөц бүрдсэнийг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд төрөөс махны салбарыг хөгжүүлэх чиглэлээр бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 17 мах боловсруулах үйлдвэр шинээр ашиглалтад орж, үйлдвэрлэлийн суурь чадавхийг нэмэгдүүлжээ.
Мөн Монгол Улс махны экспортын чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, мал эмнэлэг, хорио цээр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 53 гэрээ, хэлэлцээр байгуулсан нь гадаад зах зээлд нэвтрэх эрх зүйн орчныг бүрдүүлжээ.
Мөн мах боловсруулах салбарт олон улсын HACCP болон ISO 22000 стандартууд нэвтэрч, хүнсний аюулгүй байдлын хяналт, чанарын баталгаажуулалтын тогтолцоо үе шаттайгаар бэхжиж байна. Үүнээс гадна малын эрүүл мэнд, махны гарал үүслийг бүртгэх зорилгоор цахим мэдээллийн системүүдийг нэвтрүүлж эхэлсэн нь салбарын ил тод байдлыг нэмэгдүүлэх чухал алхам болжээ.
Гэсэн хэдий ч махны экспортын салбарт шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн системийн шинжтэй асуудалбайсаар байна.
Юуны өмнө Монгол Улсын махны экспортын зах зээл хэт төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Одоогийн байдлаар экспортын ихэнх хувь нь БНХАУ-ын зах зээлд төвлөрч байгаа нь зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, нэг улсын бодлого, худалдааны нөхцөлөөс хэт хамаарах эрсдэлийг бий болгож байна.
Мөн нийлүүлэлтийн сүлжээний тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байгаа нь экспортын тогтвортой нийлүүлэлтэд хүндрэл учруулдаг. Малчид, түүхий эд бэлтгэгчид, ченжүүд, мах боловсруулах үйлдвэрүүдийн хооронд урт хугацааны гэрээт нийлүүлэлтийн тогтолцоо сул байгаа нь махны чанар, нийлүүлэлтийн хэмжээнд улирлын хэлбэлзэл үүсгэдэг байна.
Түүнчлэн малын эрүүл мэнд, вакцинжуулалтын хамрагдалт, анхан шатны бэлтгэл, хадгалалтын нөхцөл орон нутгийн түвшинд жигд бус байгаа нь экспортын стандарт шаардлагыг хангахад тодорхой бэрхшээл үүсгэдэг байна.
Логистикийн асуудал мөн салбарын өрсөлдөх чадварт хүчтэй нөлөөлж байна. Монгол Улс далайд гарцгүй орон тул транзит тээврээс өндөр хамааралтай бөгөөд хүйтэн хэлхээний дэд бүтэц, агуулах, тээврийн сүлжээ хангалтгүй байгаа нь экспортын зардлыг нэмэгдүүлдэг. Ялангуяа алслагдсан зах зээлүүд болох Персийн булангийн орнуудруу мах экспортлоход агаарын тээврийн өртөг өндөр, харин зарим чиглэлд газар дамжин өнгөрөх тээврийн боломж хязгаарлагдмал байдаг.
Мөн төрийн байгууллагуудын мэдээллийн систембүрэн интеграцчлагдаагүй, экспортын зөвшөөрөл болон гэрчилгээжүүлэлтийн шат дамжлага олон байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд хугацаа, зардлыг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Иймээс судлаачид махны экспортын хөгжлийг зөвхөн үйлдвэрлэлийн асуудал гэж үзэхээс илүү бодлого, зах зээл, логистик, мах бэлтгэх хүчний хүний нөөц, нийлүүлэлтийн сүлжээний уялдаанд тулгуурласан цогц шинэчлэл шаардлагатай гэж үзэж байна.
Цаашид экспортын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах, хүйтэн хэлхээний дэд бүтцийг өргөжүүлэх,гаалийн зэрэглэлийг нэмэгдүүлэх, мөн экспортын зах зээлийг төрөлжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь Монгол Улсын махны салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж судалгаанд дүгнэжээ.






