
Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр болж, Компактын хүрээнд шинээр байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй танилцлаа. Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2021 оны 3 дугаар сарын 31-ээс 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны 9 дүгээр сард хүлээлгэн өгсөн бол хөтөлбөрийн хүрээнд бүтээн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болоод байна.
Усны Компактын хүрээнд Улаанбаатар хот эдийн засгийн хувьд хөгжин тэлэх нөхцөлийг бүрдүүлэх хатуу дэд бүтцийн хоёр том бүтээн байгуулалтын төслийн зэрэгцээ хууль эрх зүй, бодлого зохицуулалт, тогтолцооны дэмжлэг үзүүлэх, салбарын чадавхыг бэхжүүлэх Усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төслийг хэрэгжүүлж байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхэд чиглэсэн мега төсөл юм.




Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож, улмаар гүний усыг ирээдүй хойчдоо хадгалж үлдээх боломжийг бүрдүүлнэ.












