
Караокед нэг дуу хэдэн удаа явснаас шалтгаалан уран бүтээлчдэд орлогын тодорхой хувийг өгдөг системийг нэвтрүүлэх ажил ямар шатандаа яваа талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамаас тодрууллаа.
Тэрбээр “Бид нэлээн олон системийг судалж байна. Ер нь бол Монгол Улсад оюуны өмчийн асуудал маш чухлаар тавигддаг. Ялангуяа нэг дуу бүтэхэд шүлгийг нь нэг хүн, хөгжмийг нь нэг хүн зохиодог. Түүнийг дуу болгон амилуулж олон нийтэд түгээж байгаа дуучин гээд нэг хүн байна. Гэтэл дөрөв дэх ч этгээд буюу тухайн дууг ашиглаад орлого олж байгаа хэсэг байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг 2024 онд баталсан. Би ажлын хэсгийг нь ахалж байлаа. Энэ хуульд “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах систем, дэд бүтэцтэй байна. Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас соёлын бүтээгдэхүүний төрөл, уялдааг харгалзан дэд бүтэц, системийг нэвтрүүлнэ” гэсэн заалт бий. Тэр утгаараа караокед тоолуурын систем суулгана. Том IT систем байгаа учир бид судалж байна. Зохиолч, дуучдын хамтын удирдлагын байгууллага тэр системээ хянаж, орлогоо аваад, гэрээнийх нь дагуу орлогоо хуваарилна. Бид БНСУ болон Японд энэ чиглэлээр ашиглагдаж байгаа программуудыг судалж байна. Тун удахгүй 4-5 дугаар сараас тодорхой шийдвэрийг Засгийн газарт танилцуулаад, түүнийхээ дагуу караокены системийг хамгийн хурдан нэвтрүүлж болох юм билээ” гэлээ.






