
22 мянга гаруй хүний амийг авч одсон гамшгаас хойш 15 жил өнгөрчээ
Японы зүүн хойд эргийн мужууд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, 22 мянга гаруй хүн амиа алдсанаас хойш 15 жил өнгөрчээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японы Иватэ, Мияаги, Фүкүшима зэрэг зүүн хойд эргийн мужууд хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, 500 мянга орчим хүн орон гэрээ орхиход хүрсэн юм. Уг гамшигт иргэдийн орон байр, сургууль цэцэрлэг, оффисын барилгууд зэрэг 1 сая гаруй объект өртөж, үгүй болсон юм.
Японы эрх баригчид гамшигт өртсөн гол дэд бүтцүүдийг сэргээн босгосон хэдий ч 15 жилийн дараа гамшигт өртсөн бүс нутгуудын хүн ам, эдийн засаг одоог хүртэл сэргээгүй хэвээр байна. Газар хөдлөлт, цунамигийн нөлөөгөөр Фүкүшимад байрлах Fukushima Daiichi атомын цахилгаан станцад осол гарч, 160 мянган хүн цөмийн цацраг туяанд өртөх аюулаас сэргийлж, орон гэрээ орхин явсан ч тэдгээрийн 26 мянга орчим нь өөр газарт суурьшсан, орон гэр нь амьдрах боломжгүй болсон, эсвэл цөмийн цацраг туяанд өртөнө гэхээсээ эмээж одоо хүртэл орон гэртээ буцаж очоогүй байна.
Гамшгийн улмаас Fukushima Daiichi АЦС-ын эрчим хүч доголдож, хөргөх систем нь ажиллахаа больсноос болж 6 реакторынх нь 3 нь хайлсан. Уг хайлсан 3 реактор нь багадаа 880 тонны жин хүрэх аж. Өнгөрсөн лхагва гарагийн 14:46 цагт Япон даяар тус гамшгийн улмаас амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хурааж, чимээгүй зогсжээ.
Японы Ерөнхий сайд Санаи Такаичи уг гамшгийн 15 жилийн ойд зориулж үг хэлэхдээ бүс нутгийг ирэх 5 жилд сэргээн босгоно гэж амлахаас гадна Фүкүшимад очиж үг хэлэхдээ Фүкүшима АЦС-ын үлдсэн реакторуудын үйл ажиллагааг сэргээж, цөмийн эрчим хүчийг эрчим хүчний тогтвортой эх үүсвэр болгоно гэжээ.






