
40-өөс дээш насны иргэд жилд 1-2 удаа нүдний даралтаа үзүүлэхийг зөвлөлөө
Маргааш (2026.03.12) Глаукомын дэлхийн өдөр. Иймд нүдний эмч нар энэ өвчнийг танилцуулж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөв.
ЭМЯ-ны Салбар зөвлөл, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүд судлалын тэнхимийг төлөөлөл, Монголын нүдний даралтын холбооны тэргүүн н.Жавзандулам, УХТЭ-ийн Нүдний тэргүүлэх зэрэгтэй эмч н.Доёдмаа нар дараах мэдээллийг өгөв. -Глауком өвчний улмаас дэлхийд 7.7 сая хүн хараагүй болжээ. Энэ нь харааны мэдрэлийг гэмтээдэг, бүлэг өвчин юм. Харааны мэдрэлд эргэшгүй өөрчлөлт орсны улмаас сохрох аюултай. 40-өөс дээш насны иргэд жилд 1-2 удаа нүдний даралтаа үзүүлээрэй. Глауком бүх насныханд анхдагч, хоёрдогч хэлбэрээр тохиолддог. Манай улсад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 50-иас дээш насны иргэдийг судалгаанд хамруулсан. Сохролын 20 хувийг глауком эзэлжээ. Лавлагаа шатлалын бүх эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд өндөр инновац нэвтэрсэн. Маш нарийн оношилгоонууд хийдэг боллоо, эмийн болон лазер эмчилгээнүүд нэвтэрлээ. Иймд 40-өөс дээш насныхан эмчид эрт үзүүлж, глаукомоос сэргийлэх боломжтой. Хүүхдийн хувьд хүүхдийн нүдний хавдар, гэмтлийн дараа глауком үүсдэг. Мөн төрөлхийн глауком ч бий.
УХТЭ-ийн Нүдний тэргүүлэх зэрэгтэй эмч н.Доёдмаа: “Нүдний даралт ихсэх өвчний эхэн, дунд үед ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Сүүлийн шатандаа л шинж тэмдэг илэрдэг учраас та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаарай. Хараа муудсан, эргэшгүйгээр өөрчлөгдсөн үедээ үзүүлэх нь их байна. Таны нүд нээлттэй өнцөгтэй юу, хаалттай гэдгээс хамаарч шинж тэмдэг нь өөр өөр. Хараа бүрсийх, нүд улайх, гэрлийн үүсгүүр рүү харахаар солонгон хүрээ татах, харанхуйд харах чадвар муудах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Хурц хэлбэр нь ноцтой, тухайн хүнд илэрхий шинж тэмдэг илэрнэ. Эдгээр нь хараа огцом бүрсийх, нүд улайх, нүдний угаар өвдөх, толгой таллаж өвдөх, бөөлжих юм. Үүнийг иргэд цусны даралт ихсэхтэй андуурдаг. Гэхдээ та эдгээр шинж тэмдгийг хүлээлгүй нүдний эмчид жилд 1-2 удаа заавал үзүүлээрэй. 40-өөс дээш насны, гэр бүлд нь нүдний даралттай хүн байсан бол та илүү болгоомжтой байгаарай. Гадаадад хийж буй нүдний бүх мэс заслыг Монголд хийж байна. Ковидоос хойш сурагчид, оюутнууд дэлгэц рүү олон цагаар ширтэх болсон. Энэ нь нүдийг хуурайшуулдаг. Ямар нэг нөөшлөгчгүй, цэвэр нулимс ашиглах нв зөв. Малчид, уулчид, телевизийн ажилтнууд нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг нүдний шил зүүх нь зөв. Хүний нүдний болор хамгийн түрүүнд хөгширч, 18 наснаас эхлэн хатуурч, 40 наснаас хойш бидний хараа бүдгэрдэг. Дотоод шүүрлийн гэх мэт бусад өвчинтэй хавсарч, болор цайх эмгэг залуужсаар байна. Гадаадад нүдний ямар мэс засал хийж байна, тэр бүхнийг Монголд хийдэг болсон. Харанхуй орчинд удаан байх, доошоо харж юм удаан угаах, их халах, хүйтэн усанд хөлөө дүрсэн, их бухимдсан, их уйлсны улмаас глауком гэх нүдний өвчин үүсдэг. Энэ нь нүдний бүтэцтэй холбоотой. Хүүхэд зургаан настайдаа сургуульд ороход нь нүдний эмчид заавал үзүүлж, харааг нь шалгуулах хэрэгтэй. Хүүхэд нүд нь өвдсөнийг мэддэггүй. Хүүхдийн хараа муудсан бол нүдний шил зүүлгэн засна. 12 наснаас хүүхдийн хараа сэргэдэг. Нүдний шил эрт зүүгээгүйгээс хараагаа сэргээх боломжийг хүүхэд алддаг. Ээж аавууд үүнд анхаараарай” гэв.
Мэдээллийн видеог БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






