
“Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид өнөөдрөөс өлсгөлөн зарлаж эхэллээ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны гадна талбайд “Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийн ажилчид болон хувьцаа эзэмшигчид хоёр хоногийн өмнөөс жагсаал зохион байгуулж эхэлсэн. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяртай уулзах хүсэлтийг хүргүүлсэн байна. Гэвч одоог хүртэл тэдэнтэй хэн ч уулзаж, хариу өгөөгүй тул өчигдөр /03.10/ оройноос эхлэн таван иргэн өлсгөлөн зарлаж эхэлжээ.
“Зэс Эрдэнийн Хувь” компанийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга н.Дөлгөөнтамир: Э.Бат-Амгалан болон түүний дүү Э.Батбаяр нар үгсэн хуйвалдаж 70 тэрбум төгрөг завшсан гэх хардлага буйг хэлж байгаа. Мөн нийгмийн сүлжээнд жагсагчдыг төлбөртэй жагсаж байна гэх мэдээлэл гарч буйд тэрбээр “Биднийг хэн бэ гэдгийг цаг хугацаа л нотолно” гэв.
Өлсгөлөн зарласан иргэдийн төлөөлөл: “Нэг хүнд хэдэн төгрөгийн хохирол учруулж байгааг мэдэхгүй. Э.Бат-Амгалан сайд 30 тэрбум төгрөгийн асуудалд холбогдолгүй бол гарч ирээд бидэнд үнэнээ хэлчих л гэсэн шаардлага тавьсан. Бид цаг авч уулзах хүсэлт тавьсан хэдий ч уулзахгүй байгаа учраас өлсгөлөн зарласан. Цаашлаад бүр хуурай өлсгөлөн зарлахад ч хүрч магадгүй” хэмээлээ.
Мөн өлсгөлөн зарлаж яамны гадаа хонож буй иргэд шөнөдөө хүйтэн хоносон ч дээрх асуудалтай холбоотой олон иргэний өмнөөс аргагүйн эрхэнд өөрсдийн саналаар өлсгөлөн зарласан гэдгээ хэлэв.

“Зэс Эрдэнийн Хувь” ХХК-ийн ажилтан: “Манай үйлдвэрийг хаачихсан байгаа. 400 орчим хүнийг ажлын байраар хангадаг байлаа. Тэнд олон хүн ажилгүй, орлогогүй болж, үүний ард олон айл өрхийн хүүхэд хоол ундгүй бүлийгээд хоосон хоцроход хүрч байна” гэв.
Мөн жагсаалд оролцогч иргэдийн зүгээс Э.Батбаярыг төрсөн ах Э.Бат-Амгаланг энэ байгууллагаас завшин, луйвардсан мөнгөөрөө салбар яамны сайд болгосон байж болзошгүй хэмээн хардаж байна. Мөн цаашид өлсгөлөн зарлах иргэдийн тоо нэмэгдэнэ. 10 гаруй хүн өлсгөлөн зарлахаар хүсэлт гаргасан ч эрүүл мэндийн шаардлага хангаагүй гэж ярив.
М.Солонго








