
Иран Ормузын хоолойд тэсрэх бөмбөгнүүд байршуулсан байж болзошгүй
Цагаан ордноос сурвалжлага бэлтгэдэг CBS News сувгийн сурвалжлагч Женнифер Жейкобс АНУ-ын Тагнуулын алба Иран улс Ормузын хоолойд тэсрэх бөмбөгүүд байршуулж эхэлснийг олж тогтоосон тухай мэдэгджээ. Тэрээр, “Иран улс 2-3 тэсрэх бөмбөг тээвэрлэх хүчин чадалтай жижиг хөлөг онгоцнуудыг ашиглаж байна.
Иран улсын тэсрэх бөмбөгүүдийн хэр их нөөцтэй нь тодорхойгүй ч сүүлийн жилүүдэд хийсэн тооцоо судалгаагаар Тегеран 2000-6000 тэнгисийн тэсрэх бөмбөгийн нөөцтэй гэж гарч байсан билээ” хэмээн үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэргэшсэн сурвалжлагч Жим ЛаПортоос авсан мэдээллүүдээсээ дурджээ. CNN агентлагт мөн эх сурвалжууд Иран Ормузын хоолойд тэсрэх бөмбөгнүүд байршуулж буй талаар мэдээлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тегеран Ормузын хоолойд тэсрэх бөмбөгнүүд байршуулж буй нь үнэн бол Тегеран тэдгээр тэсрэх бөмбөгнүүдээ даруй авах ёстой, эс бөгөөс Иран ноцтой үр дагавар амсана гэжээ.
Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны нийт худалдааны 20-25 хувь нь дамжин өнгөрдөг байна. АНУ, Израилын үзүүлсэн цохилтуудын дараа Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг зогсооно хэмээн мэдэгдсэн юм. РБК агентлагийн мэдээлснээр сүүлийн 7 хоногт Ормузын хоолойгоор 14 л хөлөг онгоц дамжин өнгөрсөн байна.
Энгийн үед тус хоолойгоор өдөрт газрын тос, байгалийн хий тээвэрлэсэн 50-60 хөлөг онгоц өнгөрдөг байжээ. Үүнтэй холбоотойгоор зах зээл дээр газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдээд байна.






