
Зохиолчид уран бүтээлийг нь AI компаниуд ашиглаж буйг эсэргүүцэж, “хоосон” ном гаргажээ
Их Британид 10 мянга гаруй зохиолчид хиймэл оюун ухааны компаниуд уран бүтээлийг нь зөвшөөрөлгүй ашиглаж буй явдлыг эсэргүүцэн “хоосон” ном гаргажээ. “Энэ номыг битгий хулгайлаарай” нэртэй уг номны агуулга нь зохиолчдын нэрсээс бүрдэх аж. Уг номыг бүтээлцэхэд Их Британийн алдарт зохиолч, продюсер Ричард Осман, түүхэн зохиолч Филиппа Грегори, Нобелийн шагналт Казүо Ишигүро зэрэг Их Британийн нэр нөлөө бүхий зохиолчид оролцжээ.
Уг номыг мягмар гарагт нээгдсэн Лондоны номын үзэсгэлэн худалдааг үзэхээр ирсэн хүмүүст тараах ажээ. Төслийг санаачлагч хөгжмийн зохиолч, оюуны өмчийн эрхийн төлөө тэмцэгч Эд Ньютон-Рекс хиймэл оюун ухааны салбар нь бусдын ажил, уран бүтээлийг ямар ч зөвшөөрөлгүй, үнэ төлбөргүйгээр хулгайлах замаар босссон гэжээ. Тэрээр Их Британийн засгийн газар хиймэл оюун ухааны компаниуд уран бүтээлчдийн бүтээлийг зөвшөөрөлгүй хулгайлж буй явдлыг зогсоож, уран бүтээлчдээ хамгаалах ёстой гэж үзэж байгаа аж.
2025 оны 2-р сард хөгжмийн салбарын 1000 гаруй уран бүтээлчид Их Британийн засгийн газар AI компаниудад оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан уран бүтээлүүдийг ашиглахыг зөвшөөрөхөөр төлөвлөснийг эсэргүүцэн ямар ч дуугүй “Is this what we want?” цомог гаргасан билээ. Их Британийн засгийн газар өнгөрсөн оноос хойш хиймэл оюун ухааны компаниудад цахим орчинд байгаа уран бүтээлүүдийг оюуны өмчийн зөвшөөрөлгүй ашиглахыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.






