
Цахим орчинд үе тэнгийн хүүхдүүд нэгнээ бүлэглэн дээрэлхэж буй бичлэг олны анхаарлыг татаад байна. Энэ талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын газрын дарга Л.Бадамцэцэгээс тодрууллаа.
- “Өмнө нь үе тэнгийн дарамт ихэвчлэн нэг анги, нэг сургууль, эсвэл нэг байрны хүүхдүүдийн дунд гардаг байсан бол энэ удаад сургууль, дүүрэг дамнасан олон хүүхэд оролцсон тохиолдол гарсан” гэж тэрбээр онцоллоо.
Сургуулиудад хүүхэд хамгааллын баг ажилладаг, тус багт сургуулийн захирал ахалж, нийгмийн ажилтан, сургалтын менежер, ангийн багш нар багтдаг байна. Эдгээр хүүхдүүд буцаад сургуульдаа очиж, анги хамт олонтойгоо харилцах үед дахин ийм нөхцөл байдал үүсгэхгүй байх тал дээр хүүхэд хамгааллын баг анхаарч ажилладаг аж.
Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд ийм тохиолдолд хүүхдүүдээр уучлал гуйлгах бөгөөд энэ нь хууль зүйн ял шийтгэл бус, харин хүмүүжлийн шинжтэй арга хэмжээ юм.
Түүнчлэн эцэг эхийг нь дуудаж уулзах, шаардлагатай тохиолдолд эцэг эх, хүүхдийг хамтад нь сургалт, зөвлөгөөнд хамруулах, цаашид сургуулийн хэмжээнд дахин ийм асуудал гаргахгүй байх зорилгоор хүүхдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажилладаг талаар дурдлаа.
Түүний хэлснээр үе тэнгийн дээрэлхэлт цахим хэлбэрээс илүү бие махбодод халдсан тохиолдлоор бүртгэгдэх нь элбэг байна.
Өнгөрсөн онд 983 үе тэнгийн дээрэлхэлтийн тохиолдол бүртгэгдсэн бол энэ оны эхний гурван сарын байдлаар хүүхдийн 108 тусламжийн утсанд 36 мэдээлэл иржээ. Мөн жилд дунджаар 1000 орчим цахим дээрэлхэлтийн мэдээлэл бүртгэгддэг байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлдэг Нэг цэгийн үйлчилгээний төв ажилладаг. Түүнээс 108 дуудлагын төвд ирж буй мэдээллийн 20 орчим хувь нь үе тэнгийн дээрэлхэлттэй холбоотой аж. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд ч дээрэлхэлт, хүчирхийллийн шинжтэй тохиолдлыг мэдээлж байхыг уриаллаа.
Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү нээлттэй ярилцаж, олон нийт цахим орчинд сэтгэгдэл бичихдээ хариуцлагатай байхыг анхаарууллаа.
М.Солонго






