
Аливаа улс эх орны нэрийн хуудас нь спорт байдаг. Тиймдээ ч дэлхийн улс орнууд энэ л салбартаа онцгой анхаарал хандуулан, хөрөнгө мөнгө харамгүй зарцуулдаг. Учир нь тухайн улс орны нэрийг спортын баг тамирчид дуурсгаж дэлхий дахинаа таниулан сурталчилдаг билээ. Хилийн чанадад Дорж, Дулмаа гэх бус Монгол Улсын тамирчин л хэмээн том дүр зургаараа яригддаг.
Дэлхийн зарим улс орнуудад спортын нэгэн цаг үед нэр алдартай явсан тамирчид улс төрийн салбарт хөрвөх явдал цөөнгүй бий. Тэгвэл манай улсад Спортын холбоодын ерөнхийлөгчийн албыг хашдаг “улс төрийн” хүрээнийхэн чамгүй болон байдаг. Тэдний зарим нь тухайн спортоороо хичээллэж, гал тогоонд нь чанагдан жаргал, зовлонг нь сайн мэднэ. Харин нөгөө хэсэг нь спортын талбайд хөл тавьж үзээ ч үгүй эрхмүүд холбоог удирдан ерөнхийлөн захирч яваа.
Нэг талдаа улс төрийн хүрээний хүн тухайн спортын холбоог удирдах нь санхүү, хөрөнгө оруулалтын хувьд тамирчид болоод шигшээ багийнханд хэрэгтэй.
Гэвч нөгөө талд нь энэ салбарынхан спортыг улс төрд алхан орох шат, гүүр болгож, олонд танигдсаар ирдэг бодит кэйсүүд байдаг нь нууц биш.
Монгол Улсад спортын холбоод бол Төрийн бус байгууллагын статустай үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэхдээ Үндэсний шигшээ багт албан ёсоор багтан орсон төрлүүдийн хувьд төрийн санхүүжилтийг авдаг гэсэн үг.
Монгол Улсад ямар спортын холбоодын Ерөнхийлөгчөөр хэн гэдэг улс төрч ажилладгийг танилцуулъя.
Монголын Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар (МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга)
Монголын Боксын холбооны ерөнхийлөгчөөр нэгэн үе сонгогдон ажиллаж явсан Х.Нямбаатар одоо тус холбооны Удирдах зөвлөлд бий. Харин холбооны ерөнхийлөгчөөр М.Баянмөнх ажиллаж буй.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээж холбооныхоо үйл ажиллагааг буюу ерөнхийлөгчийн ажлаа хөшигний ард удирдаж буй.
Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга (УИХ-ын гишүүн)
Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан (УИХ-ын гишүүн, Сангийн сайд)
Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар (Монгол Улсын Ерөнхий сайд)
Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар (УИХ-ын гишүүн асан)
Монголын Жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч Г.Дашням (2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан)
Монголын Хөнгөн алтетикийн холбооны ерөнхийлөгч Лу.Болд (УИХ-ын гишүүн)
Монголын Гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч асан)
Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир (УИХ-ын гишүүн асан). Мөн тэрбээр Монголын Биатлоны холбооны ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг.
Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч М.Амарзаяа (УИХ-ын гишүүн)
Монголын Дугуйн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн)
Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг (Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү)
Монгол Улсын спортын салбарын удирдах албаны эрхмүүдийн том дүр зураг ийм байна.
Харин холбоодын биш ч спорт клубуудын эзэд улс төрчдийг танилцуулъя.
Монголын Тийболын холбооны ерөнхийлөгч Б.Сэмжидмаа (Нийслэлийн ИХ-ын төлөөлөгч)
Монголын Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй (Нийслэлийн Засаг даргын орлогч асан)
Монголын сагсан бөмбөгийн “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар (МАН-ын Бага хурлын гишүүн)
Монголын сагсан бөмбөгийн “Улаанбаатар амазонс” багийн эзэн Х.Ганхуяг (УИХ-ын гишүүн) нарыг дурьдаж болно.
Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яамны сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номин Монголын Үндэсний Олимпын хорооны сонгуульд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлээд буй. Түүний хувьд саяхан Итали улсад болж өндөрлөсөн өвлийн олимпын наадмын Монголын багийн ахлагчаар ажилласан. Энэ нь өвлийн спорт сонирхогч, хөгжөөн дэмжигч, монголчуудын эгдүүцлийг хүргэж, нэг хэсэгтээ л цахим орчинд шүүмжлэлд өртөөд амжсан билээ.
Олон улсад бол спортын томоохон холбоодыг мэргэжлийн тамирчид, тухайн спортоосоо зодог тайлсан дэлхийн чансаатай тамирчид нь Ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажилладаг жишээтэй. Харин манайд аль мөнгөтэй, улс төрд нэр нөлөөтэй нэгэн сонгогдож бус хүчээр томилогддог болоод удаж байна.
Хэдийгээр улс төрчид спорт холбоодын Ерөнхийлөгч болдог ч холбоод нь улс төрчийнхөө дэмжлэгийг авах бус улс төрчдөө дэмжлэг үзүүлсээр ирсэн. Үүний тод жишээ нь аль ч Засгийн газарт спортыг хариуцсан тусдаа яам байгуулагддаггүй. Харин ч аль нэг яамны бөөрөнд хавчуулагдсаар өнөөг хүрсэн билээ.






