
Шар усны үерт 5005 айл өртөх эрсдэлтэй байна
“Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийх нэгдсэн удирдамж”-ийн дагуу 2026 оны хаврын шар усны үерийн аюул, өртөх байдал, эмзэг байдлын ерөнхий үнэлгээг хийжээ. Ерөнхий эрсдэлийн үнэлгээг холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран гүйцэтгэсэн байна. Эрсдэлийн үнэлгээний дүнгээр 21 аймгийн 330 сумыг хамруулан үнэлэхэд зургаан сум маш их, 20 сум их, 92 сум дунд, 212 сум бага буюу маш бага эрсдэлтэй гэж тогтоогдлоо. Харин нийслэлийн есөн дүүргийг үнэлэхэд Сонгинохайрхан дүүрэг маш их, дөрвөн дүүрэг дунд, дөрвөн дүүрэг бага буюу маш бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Шар усны үерийн өртөх байдлын үнэлгээгээр 10 аймагт 3789, нийслэлийн 7 дүүрэгт 1216, улсын хэмжээнд нийт 5005 айл өрх өртөх магадлалтай байна.
Цаашид цаг агаар огцом дулаарах төлөв ажиглагдаж байгаа бөгөөд гуравдугаар сард сарын дундаж агаарын температур Баян-Өлгий, Ховд, Увс аймаг болон Говь-Алтай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Иймд шар усны үер үүсэх нөхцөл бүрдэж, аюулын түвшин нэмэгдэх магадлалтай байгааг анхааруулж байна. Шар усны үер нь хаврын улиралд цас их хэмжээгээр хайлж, хайлсан ус богино хугацаанд хуримтлагдан нам дор газар, жалга, сайраар урсан үерлэхийг хэлдэг. Энэ нь ихэвчлэн агаарын температур огцом дулаарах, хөрс хөлдүү байснаас ус хөрсөнд шингэхгүй урсах үед үүсдэг. Шар усны үер нь айл өрх, зам талбай, барилга байгууламжийг усанд автуулах эрсдэлтэй. Иймд хаврын улиралд жалга, нам дор газарт буухгүй байх, ус зайлуулах суваг шуудууг чөлөөлөх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.







