
Цахим орчинд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэж буй бичлэг цацагдсан. Уг хэргийг ЦЕГ-аас тодруулан шалгаж байгаа мэдээллийг өгсөн. Харин тус хэрэгт холбогдогчид ХУД-ийн ЕБ-ын 130-р сургуулийн сурагчид байсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй.
Уг хэрэгтэй холбоотойгоор тус сургуулийн сэтгэлзүйч П.Мөнхзул дараах тайлбарыг өглөө.
130-сургуулийн сэтгэлзүйч П.Мөнхзул: “Дээрэлхэлтийн эсрэг зүгээр суугаад байна гэж байхгүй”
“Хүчирхийлэлд өртсөн охин манай сургуулийн сурагч мөн эсэхийг шалгаж байна. Сурагчдын сэтгэлзүйн асуудал дээр ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч, бүх талаас нь ажилладаг.
Сургуулийн зүгээс мэдээж хүүхдүүдийнхээ сэтгэл зүйн тал дээр дэмжлэг үзүүлдэг. Дээрэлхэлтийн эсрэг зүгээр суугаад байна гэж байхгүй. Дээрэлхэлтийн талаар би сайн мэдэхгүй учраас нийгмийн ажилтнаас нь асууж тодруулна уу. Ийм зүйл тохиолдсон хүүхдэд, эцэг эхчүүд нь шүүхийн шийдвэр гарсны дараа гэр бүлийн хөгжлийн төвд хандан сэтгэлзүйн зөвлөгөө аваад явах ёстой. Үүнээс цааш шүүхийн хариу гарахаар мэдээлэл өгье” гэв.






