
“Чи яагаад надтай ярьдаггүй юм бэ?” энэ асуулт өсвөр насны хүүхэдтэй олон айлын хаалганы цаана хариултгүй үлддэг нь үнэн.
Нэг гэрт амьдарч байгаа ч бие биеэ ойлгохгүй байх ээж, хүү хоёрын харилцааг “Түүний буруу” жүжиг тайзнаа тоглож, үзэгчдийг бодолд автуулна.
Жүжгийг үзэхээр ирсэн хүмүүс өсвөр насны хүүхдээ дагуулан иржээ. Тэр дунд үзэгчдийн танил болсон жүжигчид, яруу найрагчид ч байлаа.
РЦНК буюу Оросын соёл, шинжлэх ухааны төвд ороход л рок дуу угтах ба жүжигчид догдлон, сандран, баярлан буй нь харагдана. Харин үзэгчид жүжиг эхлэх цагтай уралдан РЦНК-ын гурван давхарлуу суудлаа эзлэхээр алхална.
Танхимын гэрэл аажмаар бүдгэрч, үзэгчдийн суудал, тайз хоёрын голд байрлах амьд хөгжмийн цогцоос гитарын зургаан утас намуухан эгшиглэн сонстоно. Үзэгчдийн эгнээнээс гол дүрийн өсвөр насны хүүгийн дүр бөмбөг залж, чихэвч зүүж, утсаар оролдоно гарч ирнэ. Харин ээж нь ажлаасаа ирж буй дүр зураг үзэгдэнэ, ийн ирэх бүрдээ тэр хаалгаа чагнаж хөлийн чимээ сонсдог. Хүүгээ амьд эсэхийг мэдэх гэж.
Тэрбээр торонд хийсэн шувуу, ууттай хүнс зэргийг барьж гар нь завгүй байгаа тул хаалгаа онгойлгож үл чадна. Хаалга онгойлгож өгсөнгүй, өдөржин өрөөгөө түгжээд л интернэт ухаад суучихдаг, аавыгаа өөд болсноос хойш надтай ярилцдаггүй болчихсон гэх дүр бидний хэвийн амьдралын нэг хэсэг шиг санагдана.
Харин хүү нь авч орсон шувууг нь “нэг муу нойтон болжмор, уг нь би гөлөгтэй болохыг л хүсэж байсан” гэхэд ээж нь шувууг торноос нь гаргаж нисгэсэн хэсэг нь ч шувууг үүрнээс нь нисгэж байж хүүгээ торонд хийж байгаа ч юм шиг…
Хүү ээжийгээ аяга угаа, гэрээ цэвэрлэ, хамт дэлгүүр явна гэдэг “балай авгай” гэж боддог. Түүний хувьд аав нь өөд болоход бүх зүйл утгагүй хоосон болж, сургууль шатаасай, гэр дэлбэрээсэй, хэтрүүлэн хэлбэл ээж ч үхээсэй гэсэн бодол эргэлддэг болжээ.


Энэ бүхэн том болох гэж яарсан, ганцаараа байхыг илүүд үздэг байсан бидний өсвөр насыг хэтрүүлэг, маяггүйгээр илэрхийлжээ.
Ээж нь хүүтэйгээ ярилцахыг хүсдэг ч хүү дуугүй. Хүү өөрийн ертөнцөд харин ээж нь хүүгийнхээ ертөнцөд нэвтрэх арга хайсаар эцэст нь хуурамч фейсбүүк хаяг нээж орчин үеийн үг хэллэг сурч хэдэн хүүхэдтэй найз болжээ. Эцэст нь тэр хүүгийнхээ хаягийг олж сошиалаар өөр хүний дүрээр харьцаж эхэлнэ.
Энэ зөв шийдвэр мөн эсэхийг мэдэхгүй ч нэгнийхээ сэтгэлийн түлхүүрийг олсон байх. Ямартай ч ээж нь хүүгээ хар тамхичин, архи уудаг, ижил хүйстэн гэж боддог байсан бодол нь худлаа байсныг мэддэг.


Анхны тайзны жүжигтээ гол дүр бүтээж байгаа жүжигчин Э.Оюунболд /Noubold/ “Би өсвөр насандаа жүжигчин болно л гэж мөрөөддөг байсан, одоо мөрөөдлөөрөө амьдарч байна. Миний дүр надтай ойр байсан, өмнө нь эцэг эхтэйгээ яаж маргалддаг байсан билээ гэдгээсээ л аан ийм байсан шүү дээ гээд л дотоод хүнтэйгээ их ярьж дүрийн судалгаа хийсэн. Би ч бас өсвөр насандаа буруу зам руу орж байсан суурь хүмүүжил сайн байсан болохоор л өөрийгөө татаж авсан гэж боддог. Би өсвөр насны хүүхдүүдэд өөртөөгөө сайн ярилц, муу зүйл хийхээс илүү сайн сонголт маш их байдаг шүү гэж зөвлөмөөр байна. Бидний амьдралтай ойр жүжиг учраас бүх насыханыг ирж үзэхийг зөвлөж байна” хэмээв.


Жүжиглэлтээс гадна уур амьсгалыг нэмж байсан зүйл нь бөмбөр, гитар, төгөлдөр хуурыг эвлэгхэн, сонсууштай тоглож байсан жүжигчин. Түүний дүр ямар нэгэн үг хэлдэггүй хэдий ч тайзны гэрэл түүнээс холдсон үе цөөн. Тэр энэ жүжгийн нэгэн гол дүр тайзны чимэг байсан гэхэд үзэгчид эргэлзэхгүй биз.
Түүнийг Э.Сүмбэ гэдэг, жүжигчин мэргэжилтэй. “Бүтэн амьд хөгжимтэй тоглогдож байгаа анхны жүжиг, ЕБС-д сурдаг байхдаа хамтлагтай байсан бүх төрлийн дуу сонсдог хамгийн дуртай нь рок. Бидний жүжгийн гол санаа нь хүүхэд бол хүүхдээрээ байгаасай гэдэг л санаа том хүн болох гэж яарах хэрэггүй. Угаасаа л хүссэн хүсээгүй том хүн болно. Хар тамхи, амиа хорлолтыг бодоод ч хэрэггүй шүү” гэлээ.


Үзэгчид хүүхэдтэйгээ хамт үзвэл илүү гоё юм, нээрээ л ингэдэг шүү, хүүхэд ингэх тусам холддог, дуугаа хураадаг юм байна гэдгийг мэдэж авлаа гэж ярьж байлаа. Харин өсвөр насны хүүхдүүд манай ээжид ийм нууц хаяг байхгүй байгаа даа, би найздаа л бүх юм аа ярьчихдаг байсан гэхдээ одоо гэр бүлтэйгээ ярилцаж байна гэж хэлэлцэж байсан юм.
Та хувийн орон зайг хүсэж эрхлэх гэж очсон хүүхдээ өөрөөсөө аажмаар түлхэж байгаа юм биш биз. Хүүхдүүд ч бас өөрийн ертөнцтэй, хувийн орон зайтай гэхдээ тэдний хамгийн их хүсдэг зүйл ойлголцол.


Рок дуу сонсож, өргөн жийнс өмсөж, үсээ ургуулж, дуугаа хурааж байгаа хүүхдээ намайг тоосонгүй, надтай ярилцсангүй гэхийн оронд найз шиг нь ярилцах нь шүүмжлэлээс илүү үнэтэй юм.
Магадгүй энэ жүжгийг үзсэн хэн нэгэн гэртээ очоод ээжтэйгээ эсвэл хүүхэдтэйгээ ярилцахыг хүсэх байх. Заримдаа нэг яриа, нэг үг л хүмүүсийг ойртуулж чаддаг.




М.Солонго







