
АНУ, Израиль улсууд Иранд цохилт өгснөөс үүдэлтэйгээр Ойрхи Дорнодод тогтворгүй байдал үргэлжилсээр байна. Үүнээс үүдээд Ормузын хоолойг хаагаад байгаа билээ. Ормузын хоолойгоор дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн гуравны нэг, газрын тосны бараг дөрөвний нэгийг тээвэрлэдэг юм байна. Манай хөрш БНХАУ энэ хоолойгоор авдаг. Ормузын хоолой хаагдсанаас үүдээд дэлхий даяар 1 баррель газрын тосны үнэ 110 ам.долларыг даваад буй билээ. Энэ үнийн өсөлт Монголд мэдрэгдэх үү гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.
Манай улсын тухайд шатахууныхаа 97 хувийг ОХУ-аас, гурван хувийг БНХАУ-аас авдаг гэдгийг тодруулгын эхэнд сануулъя.
Г.Дамдинням “Бид ОХУ-ын талтай байнгын харилцаа холбоотой байгаа. Хангамжийн хувьд тасалдахгүй. Ямар ч асуудал үүсэхгүй гэдэг дээр тохиролцсон. Харин үнэтэй холбоотой асуудал дээр гэвэл бид 60 мянган тонн авто бензинийг тогтвортой 705 доллароор авах гэрээтэй. Энэ гэрээгээ оны өмнө сунгасан. АИ92-ын хэрэглээ бид сардаа 80 мянган тонн орчмыг хэрэглэдэг. Үүний 60 мянган тонн шатахууны үнэ тогтвортой байна гэсэн үг. 20 мянган тонных нь хувьд Евро5 стандартын бензин орж ирдэг. Евро5-ын үнэ дээр бага зэрэг хөдөлгөөн орно. Өчигдөр /2025.03.09/ сайдын зөвлөлийн хуралдаан дээр мэдээлэл сонсоод, Үнийн зөвлөлд маргааш хуралд гэсэн чиглэл өгсөн. Үнэд өөрчлөлтийг тооцоолж, танилцуулна.
Харин БНХАУ-ын тухайд шатахууны экспортоо түр зогсоочихсон байгаа” гэлээ.
Эх сурвалжуудын бидэнд мэдээлж буйгаар 300-450 төгрөгийн хооронд шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ийн шатахууны үнэ нэмэгдвэл мэдээж хомсдол үүснэ.






