
“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 70 тэрбум төгрөгийн асуудлаар жагслаа
Орхон аймгийн иргэдийн үүсгэн байгуулсан “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагуудтай холбоотой санхүүгийн асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж, өнөөдөр /03.09/ барилгачдын талбайд жагсаал зохион байгууллаа.
Тус аймгийн 24.500 энгийн иргэн нэгдэж, дээрх компанийг 2010 онд үүсгэн байгуулж, эхний 6 дахь жил дээрээ үйлдвэрээ нээснээр, зэсээ борлуулан, хөрөнгө оруулалтаа нөхөж эхэлж байсныг хэллээ.
Хувьцаа эзэмшигч “Э.Батбаярын эхнэрийн хувийн компани зэс борлуулах нэрийдлээр НӨАТ-ын 30 тэрбум төгрөг, тээвэрлэлтийн зардалд 40 тэрбум төгрөг гээд нийтдээ 70 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Би иргэн хүнийхээ хувьд өөрийнхөө мөнгийг нэхэмжлэхээр ирсэн. Тэр 70 тэрбум төгрөгөөр бид ноогдол ашгаа хүртэх ёстой байсан ч авч чадахгүй байна хэмээн тэд гурван шаардлага тавьж буйгаа илэрхийлэв.
- Нэгдүгээрт холбогдох хүмүүсээс мөнгөө буцаан авах,
- Хоёрдугаарт компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах.
- Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бидэнтэй, эсвэл төлөөлөлтэй маань уулзаасай гэсэн хүсэлттэйгээр энд жагсаж байна” гэлээ.

Жагсаалд оролцогчид “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хөрөнгө оруулалтын захирал Э.Батбаяр нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн төрсөн дүү. Тэрбээр хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй энэхүү компанийг завшиж, луйвардсан мөнгөөрөө төрсөн ах Э.Бат-Амгаланг өндөр албан тушаалд гаргасан гэж хардаж байгаагаа хэллээ.
Мөн хувьцаа эзэмшигчдийн зарим төлөөлөл “УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн дүү Э.Батбаярын эхнэр манай компаниас хууль бусаар 30 тэрбум төгрөг завшсан гэх асуудал л яригдаж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа компани, хувийнх нь төлбөрийг цэвэр орлогоосоо төлөх ёсгүй. Гэтэл НӨАТ-ын буцаан олголт төлсөн гэж тайлбарлаж, компаниас мөнгө гаргасан. Үүнээс гадна нийтдээ 60-70 тэрбум төгрөгийн асуудал дахиад цаана нь байж болзошгүй гэж бид үзэж байна. Энэ бол залилан” гэв.


Хувьцаа эзэмшигчид холбогдох хууль, шүүхийн байгууллагууд уг асуудлыг шалгаж, бодитой хариу өгнө үү хэмээн удаа дараа хандсан боловч тусыг эс олжээ.
Иймээс тэд компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж буйгаа илэрхийллээ.


Хувьцаа эзэмшигчдийн төлөөллийн видео ярилцлага үзэх линк:






