
Тарвага шилжүүлэн нутагшуулах, 20 сая төгрөгийн санхүүжилттэй сонгон шалгаруулалт зарлажээ
Нийслэлийн Байгаль орчны газар суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, уг ажлыг гүйцэтгэх байгууллагуудаас үнийн санал авч эхэлжээ.
Тодруулбал, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зуслангийн бүсэд амьдрах орчин нь хумигдсан 100 бодгаль монгол тарвагыг барьж, Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн тохиромжтой бүсэд шилжүүлэн нутагшуулах юм. Ажлыг гүйцэтгэгч байгууллага нь эрдэм шинжилгээ, ан амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, холбогдох тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Мөн тарвага барих, зөөвөрлөх, сэргээн нутагшуулах үйл ажиллагааг холбогдох арга зүй, стандартын дагуу гүйцэтгэж, шилжүүлэн нутагшуулсан бүсэд мониторинг, судалгаа хийх юм. Ажлын үр дүнг хөдөлгөөн мэдрэгч камеруудын тусламжтайгаар баталгаажуулж, судалгаа хийсэн болон тарвага барьж шилжүүлэн нутагшуулсан байршлын мэдээллийг тусгай координатын файлууд, фото зураг, тайлангийн хамт Нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлэхээр төлөвлөжээ.



Энэхүү ажлын нийт төсөв 20 сая төгрөг бөгөөд үнийн саналыг 2026 оны гуравдугаар сарын 9-нөөс 13-ны өдрийг хүртэл хүлээн авах юм. Саналыг Нийслэлийн нутгийн захиргааны III байрны 403 тоот өрөөнд битүүмжилсэн байдлаар ирүүлэх аж.






