
Ираны Дээд удирдагчаар Можтаба Хаменеи томилогдов
Ираны Мэргэжилтнүүдийн зөвлөл өнгөрсөн ням гарагт тус улсын Дээд удирдагчаар Али Хаменеин хүү Можтаба Хаменеиг томилжээ. Исламын шашны хууль журмын тухайд гүн гүнзгий мэдлэгийг эзэмшсэн 88 шашны номлогч-хуульчдаас бүрдэх Мэргэжилтнүүдийн зөвлөл нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ираны Дээд удирдагчийг томилох үйл явцад оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, Можтаба Хаменеиг томилохыг эрс эсэргүүцэж байсныг үл харгалзан Ираны Дээд удирдагчаар Али Хаменеин хүү 57 настай Можтабаг томилжээ.
Можтаба Хаменеи нь 1969 оны 9-р сарын 9-нд Ираны зүүн хойд зүгийн Машхад хотод мэндэлсэн бөгөөд Али Хаменеин 6 хүүхдийн 2 дахь нь юм. Тэрээр ахлах ангиа Тегераны Алави шашны сургуульд сурч төгсжээ. Ингээд 17 настайдаа цэрэгт элсэн, Иран-Иракийн дайнд байлдаж байжээ. 1999 онд Можтаба шашны мэдлэгээ дээшлүүлэхийн тулд Шиа шашны номлолын төв гэгдэх Ком ариун хотыг зорьсон ба эцгээсээ ялгаатай нь Можтаба олон нийтийн анхаарлыг татахаас зайлсхийж ирсэн аж. Тэрээр төрд ямар ч албан тушаал хашиж байгаагүй ба олон нийтийн өмнө үг хэлж, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч байгаагүй аж.
Гэсэн ч тэрээр Ираны төрд эрх мэдэлтэй нэгэн бөгөөд аавынхаа залгамж халааг авах өндөр магадлалтай гэж яригдаж байсан юм. Исламын Хувьсгалт Гвардийн корпус Можтаба Хаменеи Ираны Дээд удирдагчаар томилогдсон явдлыг таатай хүлээж авсан тухай Ираны Irib суваг болон Tasnim мэдээллийн агентлагаас мэдээлжээ. Исламын Хувьсгалт Гвардийн корпус Можтаба Хаменеиг олон талын мэдлэгтэй хуульч, залуу сэтгэгч, улс төр, нийгмийн асуудлын тал дээр гүн гүнзгий мэдлэгтэй нэгэн хэмээн тодорхойлж, Можтаба Хаменеид үнэнчээр зүтгэж, түүний үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж, өөрсдийгөө золиослоход ч бэлэн гэжээ.







баяр хүргэе. амжилт хүсье. төрсөн эцэгийнхээ цусан өшөөг авах хэрэгтэй.