
“Жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг хориглосугай” гэсэн Засгийн газрын тогтоол бий. У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоолоор өвөл, хаврын морин уралдааныг хориглосон байдаг. Гэвч НИТХ-ын төлөөлөгч болон УИХ-ын нэр бүхий гишүүд Хаврын морин уралдааныг сэргээнэ гэх агуулгаар сошиал орчинд дуугарч буй. Энэ уралдааныг цаашид хэрхэх вэ гэдэг дээр олон ч хүн байр сууриа илэрхийлж байна. Түүний нэг нь С.Мөнхчулуун.
Дундговь аймгийн Засаг дарга тэрбээр “Өвөл, хаврын морин уралдааныг хорих уу, зохицуулах уу. Жил бүр л нэг маргаан давтагддаг. Өвөл, хаврын морин уралдааныг явуулах уу, хорих уу. Нэг хэсэг нь “бүр хориглоё” гэдэг. Нөгөө хэсэг нь “сэргээе” гэдэг. Гэхдээ асуудлыг ингэж хоёр туйлд хувааж маргах нь зөв гарц мөн үү.
Юуны өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Морь уях, морь уралдуулах гэдэг бол зүгээр нэг наадам, зугаа биш. Энэ бол асар их хөдөлмөр, тэвчээр хатуужил, мэдлэг туршлага, хөрөнгө хүч шаардсан ажил. Хурдан морь, хурдан морины уралдаан байгаа учраас адуучин залуус хөдөө нутагтаа үлдэж, тал нутгаа эзэнтэй байлгаж байна гэж ярьдаг.
Мөн хурдан морины уралдаан бол монголчуудын эрт дээр үеэс уламжилж ирсэн өв соёл, эрийн гурван наадмын нэг. Хурдан морь барианд орж ирэхэд сэтгэл нь хөдөлдөггүй, самсаа нь шархирдаггүй монгол хүн гэж бараг үгүй. Гэхдээ хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудлыг үгүйсгэх хүн байхгүй. Насанд хүрээгүй, өөрөө бие даан шийдвэр гаргах эрх нь үүсээгүй хүүхдийг хамгаалах нь бид бүгдийн үүрэг. Өвөл, хаврын уралдааныг хориглох гол шалтгаан нь -20, -30 градусын хүйтэнд хүүхдээр морь унуулж байна гэсэн асуудал.
Гэвч дэлхийн олон оронд өвлийн морин уралдаан болдог. Швейцарь, Финланд, Швед, Канад зэрэг оронд зориулалтын цас, мөсөн зам дээр морь уралдуулдаг бөгөөд насанд хүрсэн мэргэжлийн унаачид оролцдог. Мөн Өвөр Монголд өвлийн морин уралдаан болдог. Гэхдээ 1–5 км-ийн зайд 15-аас дээш насны унаачид морь унаж уралдуулдаг. Манай улсад ч өвлийн улиралд тэмээний уралдаан болдог. Тэнд мөн насанд хүрсэн хүмүүс унаж уралддаг. Тэгвэл манай уламжлалт 15–30 км-ийн холын зайн хурдан морины уралдааныг өвөл хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Хэрэв өвлийн уралдаан зохион байгуулах тухай ярьж байгаа бол:
- Зайг богиносгох,
- Насанд хүрсэн унаачид оролцуулах,
- Температурын босго тогтоох,
- Аюулгүй байдлын стандарт мөрдүүлэх зэрэг зохицуулалт ярилцах боломж бий.
Харин хаврын уралдааны тухайд нөхцөл байдал өөр. Монгол орны цаг агаар бүс нутгаасаа хамаарч ихээхэн ялгаатай. Жишээ нь ирэх долоо хоногт Завхан аймагт өдөртөө -3-аас -8 градус байхад Дундговь аймагт +2-оос +14 градус дулаан байх төлөвтэй байна.
Тиймээс хаврын уралдааныг:
- Дулаан бүсэд буюу говийн бүсэд зохион байгуулах,
- Эсвэл агаарын температурын тодорхой босго тогтоох зэрэг уян хатан зохицуулалт хийх боломж бий.
Бид Өв соёлоо ч хамгаалах ёстой, хүүхдээ ч хамгаалах ёстой. Тиймээс энэ асуудлаар дуугарсан, асуудал хөндсөн хүн бүрийг нэг бол “хүүхдэд хайргүй”, нөгөө бол “Монголдоо хайргүй” гэж талцаж дайрдаг байдлаа болих хэрэгтэй. Юм бүхэн хоёр талтай. Талцаж хэрэлдэх биш, шийдэл ярилцах цаг болсон” хэмээжээ.






