
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад буй билээ. Үүнтэй нь холбогдуулан түүнээс тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Намайг ганцаараа сууж байхад хэсэг залуучууд орж ирээд “Сайн байна уу гишүүнээ” гэхэд нь би хүн ёсоор “Сайн байна уу” гэж мэндэлсэн. “Та энд сууж байгаа юм уу” гээд тэд миний хажууд суусан. Тэгээд улс орон, нам гээд зөндөө юм л ярьсан. Гэтэл над руу стакантай архиа аваад шидсэн. Нэг найз нь ирээд цохисон. Баарны хамгаалагч нар ирж салгасан. Б.Хурцын хүүхэд гээд нэг залуу хажууд ирж суугаад намайг мөргөсөн. Би цочсондоо биеэ хамгаалж, гараараа цохисон. Аргагүй хамгаалалт байсан. Эрүүгийн Хуулийн 4.1-д “.Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалт бий. Хүмүүсийнхээр бол би үргэлжлүүлж зодуулах л ёстой байсан юм шиг байна. Намайг баарнаас гараад явахад араас нэг найз нь бас чаргууцалдаж, нөгөө хоёр нь дахиж араас гарж ирж зодсон. Хууль хяналтын байгууллага нь тухайн бичлэгийн ил гаргах хэрэгтэй. Надад ерөөсөө нууж хаах зүйл байхгүй. Тухайн өдөр олсон процессыг олон нийт мэдэж хэрэгтэй. Тэгэхгүй бол зохион байгуулалттай хэвлэлээр ялалж, ташаа мэдээлэл түгээж байна. Тэгээд одоо асуудлыг улам дэвэргэж, хөнгөн хэрэг дээр хүртэл зохион байгуулалттайгаар хилийн хориг тавьж байх шиг байна. Би Засгийн газрын огцруулах акц хийж, тодорхой хүмүүсийг шүүмжилж байр сууриа илэрхийлдэг байсны маань шан харамж ирж гэж ойлгож байна” гэлээ.
-Та Б.Хурцын хүү Х.Тайванг таних уу?
-Танихгүй. Тэр гурван залууг хэнийг нь ч танихгүй.
-Таны ярьж буйгаар хэн нэгэн таныг санаатайгаар таныг өдүүлж, “УИХ-ын гишүүн хүн зоджээ” гэдэг байдлаар хэрэг үүрүүлж УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах гэж байна гэж дүгнэж болох уу?
-Би хэргийн процессыг нарийн ярьж чадахгүй. Бүх зүйл цаг хугацааны эрхээр ил болно. Яг өөрийн чинь яриад байгаа юмс л явсан байна лээ. Бүр зохион байгуулалттай. Энэ нь ч тодрох байх. Улс төрийн захиалгаар хүнийг ялладаг, хэлмэгдүүлдэг үйл ажиллагаа Монголд хэрээс хэтэрч байгаа юм байна.
-Энэ захиалгын хэн өгсөн гэж харж байна?
-Бүлэглэлүүд. Зөвхөн манай намаас биш.
“Та нар хэргийн бодит байдлыг тогтоохгүй байна. Яагаад ингэж хөнгөн хуумгай нэг талыг барьсан шийдвэр гаргаад байгаа юм бэ” гээд би прокурорт гомдол гаргасан.
М.СОЛОНГО






