
Энэ долоо хоногт БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо тус улсын улс төрийн хамгийн том хоёр арга хэмжээ болох Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал эхлэхээр зэхэж байна. Дээрх хоёр чуулганаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогуудаа тодорхойлох юм.
Энэ пүрэв гарагт Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн чуулган эхлэх ба уг чуулганд зөвхөн Хятадын Коммунист намын бус салбар салбарын 2000 гаруй гишүүд оролцох аж. Тус чуулганд хууль тогтоох эрх мэдэл байхгүй ч тус чуулганаар гишүүд Хятадын засгийн газрын гол бодлогуудыг хэлэлцдэг байна.
Ирэх баасан гарагт эхлэх Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал нь хууль тогтоох, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөв батлах зэрэг өргөн хүрээний эрх мэдэлтэй ч Хятадын Коммунист намын хаалттай хаалганы цаана гаргадаг шийдвэрүүдийг дагадаг институц юм.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурал нь нийслэл Бээжин хотноо 1954 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа ба тус хуралд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 3000 орчим төлөөлөгч оролцдог юм.
Энэ жилийн хурлаар хөндөгдөх гол сэдэв нь “үндэстний эв нэгдэл”-ийн тухай хууль аж. Уг хуульд хятад хэлний ач холбогдлыг нэмэгдүүлэх, үндэстний олонх болон цөөнхүүд хоорондын гэрлэлтийг хөхүүлэн дэмжих, мөн үндэстний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх үйлдлүүдийг хориглох тухай тусгажээ. Уг хуулийн төсөлд эцэг эх, асран хамгаалагчид нь насанд хүрээгүй хүүхдүүдээ Хятадын Коммунист намд хайртай болгохын тулд зааж сургаж, чиглүүлэх ёстой тухай заасан байгаа аж.
Түүнээс гадна гишүүд 2026-2030 онд БНХАУ-ын хэрэгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг батлахаас гадна хог хаягдал, бохирдлын хяналт, экологийн аюулгүй байдал, нүүрстөрөгчийн хэмжээг бууруулах тухай Экологи ба Байгаль хамгаалах хуулийг батлахаар төлөвлөжээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын гол үйл явдал нь Хятадын Ерөнхий сайдын танилцуулдаг Засгийн газрын ажлын тайлан бөгөөд Ерөнхий сайд өмнөх оны амжилт уналтуудыг онцлохын зэрэгцээ, ирэх жилийн бодлогууд, эдийн засгийн зорилтуудыг тодорхойлдог билээ.
Энэ удаагийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлаас өмнө БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпин зэвсэгт хүчний 12 өндөр албан тушаалтнуудыг албан тушаалаас нь буулгаад байгаа билээ. Түүнчлэн Ардын Чөлөөлөх армийн хувьд сүүлийн нэг жилд урьд хожид байгаагүй олон тооны халаа сэлгээ гарсан онцлогтой жил болж өнгөрөөд байна.
Эх сурвалж: The Guardian






