
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль анх 2001 онд батлагдсан бөгөөд 2011 онд шинэчлэн найруулсан. Түүнээс хойш энэ хуулийг 20 удаа нэмэлт, өөрчлөлтөөр баяжуулсан ч хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй шинэ сорилтуудад бүрэн нийцэж чадахгүй байгаа нь ажиглагджээ. Хууль шинэчлэгдэж 7 бүлэг, 46 зүйлтэй болно. Энэ нь өмнө мөрдөгдөж байсан хуулийн бүтэцтэй ижил боловч зүйлийн тоо 12-аар нэмэгдэж, зохицуулалт илүү нарийвчилсан, уялдаа холбоотой болжээ.
Шинэчилсэн найруулгын төсөл нь:
- Хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
- Урт хугацааны ажилгүйдлээс сэргийлэх
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах
- Салбар хоорондын уялдааг сайжруулах
- Нийгмийн халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг уялдуулах гэсэн үндсэн зорилтуудаар илүү бодлогын түвшинд боловсруулагдсан нь онцлог болжээ.
Хуульд орсон гол шинэ зохицуулалтуудаас дурьдвал, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг ерөнхий бүртгэл маягаар бус, хүн бүрийн ур чадвар, хэрэгцээнд тулгуурлан “Кейс менежмент” аргачлалаар төлөвлөгөө боловсруулж, бүрэн дэмжлэг үзүүлэхээр заасан. Энэ нь ажил хайгч бүртэй ажиллах, мэргэжлийн ур чадварыг нь үнэлж хөгжүүлэх, бодит зах зээлтэй холбох механизм бий болгож байна.
Мөн бага насны хүүхэд асарч буй эх, эцэг, байнгын асаргаатай хүнийг асарч байгаа иргэн, хорих ангиас суллагдсан иргэн, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт хөдөлмөр эрхлэх сонирхолтой, чадавхтай боловч саад тулгарсан хүмүүст зориулсан тусгай хөтөлбөрүүд тусгагдсан нь нийгмийн тэгш боломжийг хангах томоохон алхам юм.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллийг цахим платформоор хүргэх, онлайн бүртгэл, зуучлал хийх боломжийг бүрдүүлэх зохицуулалт хийгдсэн нь орон сууц, алслагдсан бүс нутгийн иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байна.
Иргэд өөрийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг боловсруулах үйл явцад идэвхтэй оролцсон тохиолдолд урамшуулал олгож болох зэрэг урамшууллын механизмыг бий болгож өгсөн нь зорилготой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гол санаануудын нэг юм.
Мэргэжлийн сургалтыг ажлын байран дээр, зайнаас, дагалдах сургалт, шавь сургалтын хэлбэрээр зохион байгуулах боломжтой болох нь ажил хайгчийг бодит ажлын туршлагатай холбох, ур чадварыг бодит өгөөжтэй болгоход дөхөм болох зохицуулалтыг тусгажээ.
2026 онд энэ хууль бүрэн хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд дараах эерэг өөрчлөлтүүд гарах төлөвтэй байна.
1. Хөдөлмөрийн бүтээмж, орлого сайжрах
2025 оны судалгаагаар ажиллагсдын 53.0 хувь нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр салбарт ажиллаж буй нь бүтээмж, орлогод сөргөөр нөлөөлж байгааг харуулсан. Хууль хэрэгжсэнээр боловсрол, зах зээлийн бодит хэрэгцээг уялдуулах замаар хүмүүс мэргэжлээрээ тогтвортой ажиллах боломж бүрдэж, эдийн засгийн үр өгөөж дээшилнэ.2. Ажиллах хүчний оролцоо нэмэгдэх
Сүүлийн 13 жилд 61–62 хувийн түвшинд хэлбэлзэж байсан ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэхийн тулд “халамжаас хөдөлмөрт” шилжих бодлогын уялдаа сайжирна. Ийм бодлого хэрэгжих нь нийгмийн халамжаас хараат бус, ажиллах хүчний идэвхтэй оролцоон дээр суурилсан амьдралын хэв маягийг дэмжинэ.3. Хөдөлмөрийн үйлчилгээ шинэ шатанд
Бүртгэл төдий ажилгүйчүүдийг бүртгэдэг системээс гарч, хүн бүрийн ур чадварт тулгуурласан ажлын байранд зуучлах “Кейс менежмент” бүрэн хэрэгжих бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийг бодит үр дүнд хүргэх гол механизмыг бий болгоно.4. Залуу, эмэгтэйчүүд болон тусгай бүлгийн дэмжлэг
Залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд зэрэг оролцоог сайжруулах тусгай хөтөлбөрүүд үр дүнтэй хэрэгжих нь нийгмийн баталгааг бэхжүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд чухал алхам болох юм.5. Албан бус салбарт ажиллаж буй иргэдийг дэмжих
Хууль нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах, баталгаат ажлын байртай болгоход анхаарч байгаа нь дундаж давхаргыг тэлэхэд чухал түлхэц болно.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь зөвхөн бүртгэл, зуучлалын төвлөрсөн тогтолцоог өргөжүүлэн сайжруулах төдийгүй хүний хөгжлийг дэмжих, хөдөлмөрлөх соёлыг бэхжүүлэх, эдийн засгийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх шинэ шатны бодлогын баримт бичиг болж байгаагаараа түүхэн ач холбогдолтой юм.
2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан нь энэхүү шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох анхны томоохон алхам бөгөөд бүх талын оролцоо, уялдаа холбоо, бодлогын тогтвортой хэрэгжилттэй холбогдож Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлогын шинэ эринийг эхлүүлэхэд чухал түлхэц болно хэмээн хууль санаачлагчид үзэж байна.






