
Өнгөрсөн жилүүдэд Хятад залуус амьжиргаагаа залгуулж, мөрөөдлөө биелүүлэхийн тулд жижиг хот, тосгодоосоо том хотууд рүү олноороо нүүж байсан бол Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, хүлээлт өндөр болж, боломжууд цөөрч, өрсөлдөөн ширүүссэнээр залуус 7 хоногийн 6 өдөр өглөө 9-өөс оройн 9 хүртэл ажиллах амьдралын хэв маягаас залхаж, карьераа орхиж, орон нутаг рүү нүүж, амралт, амар амгалан байдлыг илүүд үзэх хандлагатай болжээ.
Үүнд нэг талаас коронавирусийн цар тахлаас хойш Хятадын үл хөдлөхийн салбар уналтад орж, орон нутагт орон сууцны үнэ огцом буурсан нь ч нөлөөлжээ.
Барууны орнуудыг бодвол Хятадад орон нутагт хямд зардлаар амьдрах боломж илүү байдаг аж.
Жишээ нь 2010-аад онд Хятадын Шанхай хотоос холгүй Чидун тойрогт далайн эрэг дээр баригдсан “Life in Venice” нэртэй 46 мянган айлын орон сууцны хорооллын байрны үнэ нь үл хөдлөх салбар уналтад орж, тус хорооллыг барьсан Evergrande 2024 онд дампуурлаа зарласнаас хойш 50 гаруй хувиар буурчээ.
“Life in Venice” хорооллын цөөн хэдэн оршин суугчдын нэг 28 настай Саса Чэн Шанхай хотод жилийн 700 мянган юанийн цалинтай ажлаа орхиж, цуглуулсан 2 сая юаниараа үлдсэн амьдралдаа дахин ажил хийхгүйгээр “Life in Venice”-д байр түрээслэн амьдрах боломжтойгоо мэджээ.
Мэдээж шинээр нүүж ирсэн газарт нь түүний дуртай зоогийн газар, хүргэлтийн үйлчилгээ, том эмнэлэг байхгүй ч тэрээр ойролцоох жижиг дэлгүүр, цайны газруудаар үйлчлүүлж, хамгийн гол нь юунд ч санаа зовохгүй, өөрийн дураар амьдрах боломжтой болжээ.
29 настай Бан Жао ч мөн оффисын ажлаас зугтаж, Хятадын зүүн эргийн худалдааны төв болсон том хотоос Юньнань мужийн цэвэр агаар, халуун рашаанаараа алдартай жижиг хот руу нүүжээ. Тэрээр найз залуутайгаа сарын 800 юаниар 3 унтлагын өрөөтэй байр түрээсэлж, нэг өрөөндөө йога студи ажиллуулах болжээ. Тэд онлайнаар йога зааж, долоо хоногтоо 20-иос ч бага цагийг ажилд зарцуулдаг болжээ.
Судалгаагаар 2019-2024 онд зөвхөн Бээжин хотоос 20-30 насны 1.6 сая хүн нүүсэн байна. Мөн Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаар залуусын ажилгүйдлийн түвшин өсжээ. Тус улсад 12-р сарын байдлаар сургуульд сурдаггүй 16-24 насныхны 16.5 хувь нь ажилгүй гэж гарчээ.






