
Монгол Улсад электрон тамхи ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй, олон нийтийн сүлжээгээр дамжуулаад л хэн ч аваад татах бүрэн боломжтой байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар дөрөв, тавдугаар ангийн сурагчдын цүнхнээс хүртэл вэйп гарч ирж байгааг халаглан ярьж байна.
Электрон тамхи хэрэглэх болсон шалтгааны талаар эргэн тойрны эмэгтэйчүүд, хүүхдүүдээс асуухад “Гоё амттай, хаана ч татсан болдог. Эрүүл мэндэд аюулгүй. Эргэн тойрны хэн нэгэнд саад болохгүй” хэмээн хариулж байна. Гэвч энэ бол маш том төөрөгдөл юм. Учир нь амт, үнэ оруулагч нь электрон тамхины хоруу чанарыг улам нэмэгдүүлдэг талаар ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримтад дурджээ. https://www.who.int/publications/i/item/9789240032095
Тийм ч учраас өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглосон байна. Тодруулбал, Нидерланд, Дани, Эстони, Финланд, Унгар, БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зеланд зэрэг орнууд, Канад, АНУ-ын зарим муж тамхины амт, үнэрийг бүрэн хоригложээ.
Ийнхүү зохицуулалт хийж, зөвхөн амт, үнэр хорьсноор эхний жилдээ залуусын тамхидалт 10-25% буурсан бодитой үр дүн гарсан байна. Тухайлбал,
- Эстони 2020 онд амт, үнэрийг хорьсноор залуусын электрон тамхи хэрэглэх түвшин 25% орчим буурсан.
- Австрали 2023 онд тамхины амт, үнэрийг хорьж, өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 16%-аас 12% болж буурсан.
- Шинэ Зеландад мөн өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 12 орчим хувиар буурчээ.
ДЭМБ-ын мэдээлснээр электрон тамхинд өсвөр үеийн хүүхэд, залуус татагдахгүй байх аргагүй сошиал маркетинг хийдэг ба 16,000 гаруй төрлийн амт, үнэртэй бүтээгдэхүүн байгааг мэдээлжээ. Хэрэглэгчдийн олонх нь электрон тамхийг “аюулгүй” гэсэн ташаа ойлголтоор хүлээн авч, амт, үнэр, дизайн зэрэгт татагддаг байна. Олон соролттой төхөөрөмжүүд, төрөл бүрийн амт, дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнүүд нь залуусын сонирхлыг ихээр татаж, хэрэглээг хэвийн мэт ойлгоход шууд нөлөөлж байгаагаас гадна олон давтамжтай хэрэглэснээр зүрх, уушги зэрэг дотоод эрхтэн, системээ гэмтээхээс гадна никотин буюу донтуулагчид маш ихээр автаж байна. Электрон тамхины хор нөлөөний талаар үзэх бол ЭНД дарна уу.
Манай улс шинэ төрлийн электрон тамхийг тамхин бүтээгдэхүүнд тооцож, зохицуулахаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна. Уг хуулийн төсөлд тамхины гаанаас бусад төрлийн үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмэхийг хориглохоор тусгажээ. Ингэснээр ухамсартайгаар шийдвэр гаргах чадваргүй өсвөр насны хүүхдүүд, сурагчдын дундах тамхидалт буурна хэмээн тооцсон байна. Учир нь өнөөдөр 13-17 насны сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг электрон тамхи, таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татаж байгаа харамсалтай тоо судалгааг Эрүүл мэндийн яам танилцуулсан билээ.






