
Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн баг Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын Абьeмном мужид энгийн иргэдийг хамгаалах үүргийг нэр төртэйгөөр хэрэгжүүлж байна.
2026 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус бүс нутагт үүссэн нөхцөл байдлын улмаас 1000 гаруй иргэн, мөн 02 дугаар сарын 27-ны өдөр 400 гаруй иргэн (ихэнх нь өндөр настан, хүүхдүүд) хамгаалалт хүсэж баазад нэвтэрснийг Монгол цэргүүд шуурхай хүлээн авч, нийт 1400 гаруй энгийн иргэнийг хамгаалалтад аван ажиллаж байна.
Хамгаалалт хүсэж нэвтэрсэн орон нутгийн иргэдийн дунд төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэй байсныг баазын эмч ахлах дэслэгч Ц.Цэрэнлхам, сувилагч дэд ахлагч Д.Ууганбаяр нар мэргэжлийн өндөр ур чадвар гарган эх барьж, эх, нярайг эсэн мэнд амаржуулсан байна.































