
Арабын Нэгдсэн Эмират улсыг гаднынхан аюулгүй, тайван, татвараас ангид баян бүрд гэж сүүлийн хэдэн арван жилийн турш тодорхойлж ирсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт АНУ, Израилын зүгээс Иранд цохилт үзүүлсэнтэй холбоотойгоор Тегеран Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби, Дубай зэрэг хотуудад агаараас цохилт үзүүлж, Арабын Нэгдсэн Эмират улсын олон жилийн хичээл зүтгэлээр бүрдүүлсэн имижийг үгүй хийжээ.
Тус улсын Батлан хамгаалахын яам өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Арабын Нэгдсэн Эмират улсын агаарын довтолгооноос хамгаалах систем сүүлийн 2 өдрийн дотор Ираны 165 баллистик пуужин, 2 далавчит пуужин, 540 гаруй дроныг замаас нь устгасан гэжээ.
7 шейхдом буюу эмиратаас бүрдэх, газрын тосоор баялаг Арабын Нэгдсэн Эмират улс гадаадын чинээлэг жуулчид, бизнесменүүд болон иргэдэд татвар татаас зэргийг мартаж, далайн эргийн тансаг зочид буудлууд, вилла, орон сууцуудад амарч, ажиллаж амьдрахыг сурталчлан уриалан дуудсаар ирсэн ба үүний үр дүнд өнөөдөр тус улсын нийт хүн амын 90 орчим хувийг гадаадын иргэд эзэлж байна. Тайван, халуун дулаан уур амьсгал, бизнест ээлтэй тогтвортой орчин, өндөр зэрэглэлийн аюулгүй байдал зэргээс нь болж Арабын Нэгдсэн Эмират улсыг хоёр дахь гэрээ болгосон Америк, Европын чинээлэг иргэд цөөнгүй билээ.
Ираны зүгээс үзүүлж буй цохилтуудтай холбоотойгоор албаны хүмүүс иргэдийг Арабын Нэгдсэн Эмират улсын агаарын довтолгооны эсрэг хамгаалалт нь дрон болон пуужингуудыг устгах тал дээр шилдэг нь хэмээн тайвшруулахыг оролдсон ч агаарын довтолгооны эсрэг хамгаалалтад оногдсон дрон болон пуужингийн хэлтэрхийнүүд доош унахдаа их бага хэмжээний хохирол учруулж, иргэдийг айлган сандаргажээ.
Нийгмийн сүлжээнд тархсан гэрэл зураг, бичлэгүүдээс Дубай дахь алдарт Палм Жумейра хиймэл арлууд дээр байрлах Fairmont зочид буудлын гадаа гал гарсныг мөн 830 м өндөртэй Бурж Халифа зочид буудлын гадна фасад шатсаныг харж болох юм.
Түүнчлэн Дубай хотын далайн төв терминал, ложистикийн гол төв болох Жебель-Али боомтод гал гарч, Дубайн Олон улсын нисэх онгоцны буудал дээр пуужингийн хэлтэрхий унаж, 4 ажилтан нь гэмтжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Арабын Нэгдсэн Эмират улс агаарын зайгаа хаахад хүрч, Тегеран дахь элчин сайдын яамныхаа үүд хаалгыг барьж, дипломатуудаа эргүүлэн татсан байна.






