
“Монголын Эрдэм Шинжилгээний Ажилтан Залуучуудын Холбоо”, “Анагаахын Залуу Судлаачдын Холбоо” зэрэг төрийн бус байгууллагууд зорилго, үзэл санаагаа нэгтгэн “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-г 2004 онд үүсгэн байгуулсан түүхтэй. Өдгөө 700 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Тус холбооны Ерөнхийлөгчөөр Д.Хандмаа сонгогдон, 2026 оноос эхлэн ажиллаж буй ажээ.
Залуу судлаачдын үзэл бодол, дуу хоолой, бидний нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэр гаргагч нарт хүргэхээр зорьдог энэхүү төрийн бус байгууллага нь “Хүрээлтогоот” эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулганыг тогтмол зохион байгуулдаг байна. Залуус эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ тавихаас гадна “Хүрэлтогоот” сэтгүүл дээр өгүүлэл хэвлүүлнэ. Энэхүү хурал нь залуучуудын дунд оюуны олимп болж чаджээ.
Судлаач нарын хувьд нэг чухаг үзүүлэлт нь олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгаагаа нийтлүүлэх байдаг. “Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо” жил бүр шилдэг судлаачийг сонгон шалгаруулдаг байна. Өнгөрсөн жилийн шилдэг судлаач хатуу диатомик молекулын системийн илүүдэл чөлөөт энерги ба илүүдэл химийн потенциалыг үнэн зөв, нарийвчлалтай тодорхойлох шинэ арга зүйг бий болгосноор шингэн ба молекулын системийн онолын тооцоололд томоохон ахиц гаргасан өндөр практик ач холбогдолтой судалгааг хийж олон улсын сэтгүүлд бие даан хэвлүүлжээ.
Олон улсын сэтгүүлд хэвлүүлэх нь тухайн судлаачийн ур чадвар, мэдлэгийг сорьж үнэлэхээс гадна Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил, нэр хүндийг ч мөн сурталчилж, таниулдаг ач холбогдолтой. Тэгэхээр залуу судлаачид маань улсаа тодорхой хэмжээнд сурталчилж, ур чадвараа ч дэлхий дахинаа таниулдаг гавьяатнууд юм.





“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-ны залуу судлаачдыг хувийн хэвшлүүд дэмжин ажилладаг байна. Энэ жилийн хувьд “Монос Групп” хамтран ажиллах гэрээ байгуулж, 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Энэ нь залуу судлаач нарт зориулж, хэрэгжүүлэх сургалт, төсөл, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад маш том дэмжлэг болдог гэнэ.
“Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо”-нд гишүүнээр элсэх нь боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад чиглэлээр ажил хөдөлмөр эрхэлдэг, шинийг эрэлхийлэгч бакалавраас дээш эрдмийн зэрэг цол бүхий 45 хүртэл насны хүн бүрт нээлттэй. Та тус холбооны вэбсайт болох www.mysa.mn платформоор дамжуулан дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл аваарай.






