
Пакистаны Карачи хотод Ираны Дээд удирдагч Али Хаменеи АНУ, Израилын цэргийн хамтарсан ажиллагааны үеэр амь үрэгдсэнтэй холбоотойгоор Ираныг дэмжигч олон зуун иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, Карачи дахь АНУ-ын консулын байр луу дайран орж, гал тавихыг оролджээ.
Уг жагсаал цуглааны үеэр багадаа 22 хүн амь үрэгдсэн байна. Иракийн нийслэл Багдад хотын Ногоон бүсэд байрлах АНУ-ын элчин сайдын яам руу дайран орохыг оролдсон жагсагчид руу Иракийн аюулгүй байдлын хүчнийхэн нулимс асгаруулагч хий цацжээ.
Палестины ХАМАС, Йемений хуситууд, Иракийн зэвсэгт бүлэглэлүүд, Хезболла зэрэг хөдөлгөөнүүд Иранд эмгэнэл илэрхийлж, Ираны Дээд удирдагч агсан Али Хаменеиг исламын шашны дайчин, бусдын төлөө өөрийгөө золиослогч хэмээн тодорхойлжээ. Али Хаменеин удирдлага дор Иран улс Ойрх Дорнодод олон тооны хөдөлгөөн болон бүлэглэлүүдийг зэвсгээр хангаж, санхүүжүүлж ирсэн ба тэдгээр бүлэглэлүүд нь бүс нутаг дахь Ираны зорилтуудыг дэмжих ажилд олон жилийн турш зүтгэсээр ирсэн юм.
Ливанд Хезболла бүлэг болон шиитуудыг дэмжигч олон арван мянган хүн Бейрут хотын захад жагсаж, Али Хаменеин дурсгалыг хүндэтгэсэн бол Йемений нийслэл Санаа хотод хуситууд иргэдийг Али Хаменеин дурсгалыг хүндэтгэх жагсаалд нэгдэхийг уриалжээ.






