
АНУ-ын зэвсэгт хүчний Удирдлагын төв штабын мэдээлснээр сүүлийн 24 цагт Вашингтон “Operation Epic Fury” цэргийн ажиллагааны хүрээнд Ираны 1000 гаруй байршилд цохилт үзүүлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд явагдаж буй цэргийн ажиллагаа хуваариасаа түрүүлж байгааг онцлон, АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Ираны тэнгисийн цэргийн 9 хөлөг онгоцыг устгаж, живүүлсэн тухай мэдэгджээ.
АНУ-ын зэвсэгт хүчний Удирдлагын төв штаб Иранд явуулж буй ажиллагааны үеэр Америкийн 3 албан хаагч амь үрэгдсэн тухай мэдэгдсэн бол Ерөнхийлөгч Д.Трамп амь үрэгдэх цэргүүдийн тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ. Израилын зэвсэгт хүчин Тегеранд дахиа агаараас цохилт үзүүлж эхэлсэн ба Ираны эрх баригчдын мэдээлснээр АНУ, Израилын агаарын цохилтуудаас болж 153 гаруй хүүхэд амь үрэгджээ.
АНУ, Израилын цохилтын улмаас Ираны Дээд удирдагч Али Хаменеи гэр бүлийн гишүүдийн хамт амь үрэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкянд эмгэнэл илэрхийлжээ. 1989 оноос хойш Ираныг удирдсан Али Хаменеин гэрийг Израилын зэвсэгт хүчнийхэн бөмбөгдсөний улмаас Ираны Дээд удирдагч Али Хаменеи охин, хүргэн, ач хүү болон бэрийн хамт амь үрэгдсэн юм.
Ираны дараагийн Дээд удирдагч томилогдох хүртэл Ираны төрийг Ерөнхийлөгч М.Пезешкян, шүүх засаглалын тэргүүн Мохсени Эжеи, шашны болон улс төрийн зүтгэлтэн Алиреза Арафи нарын бүрэлдэхүүн бүхий түр зөвлөл удирдах аж. Иран улс дэлхийд газрын тосны нөөцөөрөө 3-т, газрын тосны олборлолтоороо 6-д жагсдаг учир АНУ, Израилын цэргийн хамтарсан ажиллагааны үр дүнд газрын тос, шатахууны үнэ нэмэгдэх, инфляц өсөх үр дагаврыг дагуулах нь гарцаагүй аж.
Түүнчлэн Ираны өмнөд эргийн дагуу байрлах Ормузын хоолой нь Саудын Араб, Кувейт зэрэг газрын тос экспортлогч орнуудын газрын тосоо тээвэрлэх гол зам бөгөөд хойд хэсэг нь Ираны хяналтад байдаг.
Уг хоолойгоор өдөрт дунджаар 20 сая баррель газрын тос буюу дэлхийн газрын тосны нийт олборлолтын 1/5 хувь нь гардаг ба Иран улс өмнө нь уг хоолойг хаана гэж нэг бус удаа заналхийлж байсан билээ.






