
2026 оны 2-р сарын 28-нд АНУ, Израиль улс Иранд хамтарсан агаарын довтолгоо эхлүүлсэн бөгөөд энэхүү цэргийн ажиллагааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Operation Epic Fury” нэртэйгээр зарлажээ.
Эхний цохилт нь Тегеран, Исфахан, Фордоу болон бусад стратегийн объектуудад чиглэсэн.
Израиль, АНУ-ын зарим командлагчийн мэдээллээр Ираны цөмийн болон дэд бүтцийн ач холбогдолтой объектуудыг чухалчилсан байна.
Ираны Дээд удирдагч, Аяатолла Али Хаменей энэхүү халдлагад амь үрэгдсэн нь дайн эхэлснийг илэрхийлж байна хэмээн олон улсын хэвлэл мэдээллүүд бичиж байна.
Ираны талаас нь Израиль, АНУ-ын эсрэг пуужин, байлдааны довтолгоо хийж, Ойрх Дорнод даяар олон улсын цэргийн болон иргэний байршлууд руу баллистик болон дрон пуужингийн довтолгоонууд гүйцэтгэсэн байна.
Довтолгооны шалтгааныг дэлхийн хэвлэл мэдээлэл, судлаачид дараах байдлаар тайлбарлаж байна.
Цөмийн хөтөлбөр
Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох, дэлхийн бусад хүчирхэг гүрнүүдтэй тохиролцох оролдлогууд олон жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй. Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Иран цөмийн хөтөлбөрөөс татгалзахгүй юм байна. Би тун удахгүй чухал шийдвэр гаргана” гэж мэдэгдсэн бөгөөд бямба гарагт Иран руу пуужин харвасан.
АНУ, Израиль хоёр Ираны хөтөлбөрийг “аюул” гэж үзэж, зарим тохиолдолд стратегийн довтолгоонуудыг хийхэд хүрсэн.
Өнгөрсөн түүх ба харилцан довтолгоо
2025 оны 6-р сард Израиль Ираны эсрэг довтолгоо явуулж, Иран шинэ пуужин, дрон, баллистик системээр 300-аас дээш пуужинг ашигласан.
Энэ мөргөлдөөн дэлхийн олон орнуудын анхаарлыг татаж, газар нутгийн аюулгүй байдал, нефтийн зах зээлд хямрал үүсгэхээр байлаа.
Тэрхүү мөргөлдөөний дараа АНУ, Катар, Израиль, Иран нарын хооронд богино хугацааны гал зогсоох яриа хэлэлцээр хийгдэж байлаа.
Харин 28-нд эхэлсэн “Operation Epic Fury” нь АНУ, Израиль нар Ираны дэд бүтэц, тагнуулын объект, удирдлагын төвүүд, тэр дундаа дээд удирдагчийн орон сууц руу чиглэсэн цохилтуудыг гүйцэтгэсэн юм.
Уг халдлагад Ираны дээд удирдагч Али Хаменей болон түүний ойрын хүрээний хэд хэдэн өндөр албан тушаалтнууд амиа алдаж, олон арван цэрэг, энгийн иргэд амиа алдсан мэдээллүүд байна.
Мэдээж Олон улсын байгууллагууд эвлэрэхийг уриалж байна, гэхдээ мөргөлдөөн одоог хүртэл зогсоогүй байна.
- НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү халдлагуудыг хүчээр шийдвэрлэхийг буруу хэмээн шүүмжилжээ.
- Европын холбоо, Франц, Герман зэрэг орнууд хүчирхийллийг таслан зогсоох, ятаамж тохиролцоо хийх шаардлага тавьж байна.
- Орос, Хятад зэрэг гүрнүүд АНУ-Израилийн үйл ажиллагааг зөвшөөрөлгүй, аюултай гэж шүүмжилж буйгаа илэрхийлсэн.
- Арабын холбоо, Зөвлөлийн орнууд ч энэ мөргөлдөөнөөс болгоомжлох үүднээс иргэддээ аюулгүй байдал, сэрэмжлэх хариу арга хэмжээ гаргасан байна.
Хэрэв мөргөлдөөн урт хугацаанд үргэлжилбэл Ойрх Дорнодийн байдлыг асар ихээр доройтуулж, нефтийн зах зээлд огцом хямрал үүсгэж болзошгүй байна.
Персийн буланг Оманын булантай холбодог Ормузын хоолой нь стратегийн гарц бөгөөд дэлхийн далайн тээврээр нийлүүлэгддэг нефтийн 20 орчим хувь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг гэж тооцогддог. Хэрэв энэ мөргөлдөөнөөс үүдэн энэ хоолой хаагдвал нөлөө нь зөвхөн Ойрх Дорнодод бус, Ази тив даяар, цаашлаад Монголд ч мэдрэгдэнэ.
Ормузын хоолой бол дэлхийн эрчим хүчний “амьсгалын судас” юм.
Хэрэв энэ гарц хаагдвал:
- Ази тивийн томоохон эдийн засгууд хүчтэй доргилт авна.
- Дэлхийн инфляц нэмэгдэнэ.
- Монгол Улсад шатахуун, инфляц, валютын дарамт хэлбэрээр мэдрэгдэнэ.
- Монголд шууд дайн болохгүй ч эдийн засгийн “доргилт” зайлшгүй ирнэ.
Ормузын хоолойгоор нефть экспортолдог гол улсууд болох Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Ирак, Катар гэх мэт улсын нийлүүлэлт тасалдвал дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өснө. Ингэснээр нефть их хэмжээгээр импортолдог Азийн том эдийн засгууд хамгийн түрүүнд цохилт авна.
Хамгийн их эрсдэл хүлээх улс бол манай өмнөд хөрш БНХАУ. Дэлхийн хамгийн том нефть импортлогч тус улс Ойрх Дорнодоос их хэмжээний нефть авдаг. Хэрэв Хятад эдийн засгийн дарамтад орвол Монголын нүүрс, төмрийн хүдэр, зэсийн эрэлт буурах магадлалтай юм.
Одоогийн байдлаар АНУ, Израиль, Иран улсын хоорондын мөргөлдөөн нь энгийн дайнаас илүү бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын том сорилт болж байна. Гал зогсоох, дипломат замаар тохиролцох хүчлэл олон улсын гүрнүүдийн анхаарал татаж байгаа ч мөргөлдөөн одоог хүртэл намжаагүй байгаа юм.






