
Казахстан улсын Ерөнхий прокурорын газар АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Ж.Эпштейны файлуудад дурдагдсан албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар Ерөнхий прокурор Берик Асылов мэдэгджээ.
Урьдчилсан байдлаар Казахстаны Ерөнхий сайд болон Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалыг хашиж байсан Карим Масимов, Казахстаны төв банкны дарга асан Кайрат Келимбетов нарыг шалгаж эхэлсэн ба хууль сахиулагчид Ж.Эпштейн Казахстанд очиж байсан эсэх, Кайрат Келимбетов Ж.Эпштейнтэй уулзаж байсан эсэхийг шалгаж байгаа аж.
Энэ долоо хоногт Казахстаны парламент дахь “Бүх үндэстний социал демократ нам” фракцын гишүүд Ерөнхий прокурорын газарт хандаж, Ж.Эпштейны файлуудад дурдагдсан Казахстаны албан тушаалтнуудыг шалгах хүсэлт тавьсан аж. Тус фракцынхан Ерөнхий сайд асан Карим Масимов нь Ж.Эпштейнтэй танил байсан гэж үзэж байгаа ба Ж.Эпштейны файлуудад К.Масимовын нэр 8 удаа дурдагдаж байгааг мөн Кайрат Келимбетов Ж.Эпштейн нар хамтдаа амарч байсан гэдгийг онцолжээ.
К.Масимов нь 2023 оны 4-р сард эх орноосоо урвасан, төрийн эрхийг хүчээр авахыг оролдсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр хорих ял эдэлж байгаа юм.






