
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтон Куба улсыг “нөхөрсөг” байдлаар хяналтдаа авч болзошгүй талаар сэтгүүлчдэд дурджээ. Түүний хэлснээр Кубын засгийн газар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэргүүтэй албан тушаалтнуудтай хэлэлцээ хийж эхэлсэн аж.
Өнгөрсөн 1-р сард Вашингтон Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилсны дараа Ерөнхийлөгч Д.Трамп Куба улсад шатахуун экспортлогч орнуудын бараа бүтээгдэхүүний гаалийн импортын татварыг нэмэгдүүлэх тухай тогтоолд гарын үсэг зурж, Куба улс цаашид Венесуэлээс газрын тос болон санхүүжилт авах боломжгүй болсныг мэдэгдсэн юм. Газрын тосны импорт нь зогссоноор Кубад шатахууны хямрал үүсэж, олон улсын агаарын тээврийн компаниуд Куба улсыг чиглэсэн нислэгүүдээ зогсоогоод байгаа билээ.
Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс Кубын эрх баригчдад АНУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухыг зөвлөж байсан ба АНУ-ын Сангийн яам өнгөрсөн 2-р сард Венесуэлийн газрын тосны борлуулалтаас олсон орлогын тодорхой хэсгийг Кубын хувийн хэвшлийнхийг дэмжихэд зарцуулахыг зөвшөөрсөн юм.
The Wall Street Journal сонинд бичсэнээр Д.Трампын засаг захиргаа 2026 оны сүүл гэхэд Кубын засгийн газрыг солихоор төлөвлөж, Кубын нэр нөлөө бүхий улстөрчидтэй хамтран ажиллаж байгаа аж.






