
Нью Йорк мужийн Томпкинс тойргийн шүүх Корнелын их сургуулийн оюутан асан Энхбаярын Билгүүнд 1-р зэргийн бэлгийн хүчирхийллийн хэргээр 8 жил, орон байрны хулгайн 2-р зэргийн хэргээр мөн 8 жилийн хорих ял оноожээ.
Хорих ялыг нэгэн зэрэг гүйцэлдүүлэх учир Э.Билгүүн нь шоронд дээд тал нь 8 жил хоригдох аж.
Өнгөрсөн 11-р сард Э.Билгүүн нь гэмт хэрэг үйлдэх, биеэ удирдах чадваргүй эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орох зорилгоор эмэгтэй оюутны дотуур байрны өрөө рүү зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэгт буруутгагдсан билээ.
Нью Йорк мужид 1-р зэргийн бэлгийн хүчирхийллийн хэрэг нь онц ноцтой гэмт хэрэгт тооцогддог ба ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дээд тал нь 25, доод тал нь 5 жилийн хорих ял оноодог аж.
Прокурор гэмт этгээдийн хохирогчид учруулсан хэмжээлшгүй их сэтгэлийн шарх болон гэмт этгээд нь хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээхээс татгалзсан явдлыг авч үзэн шүүхээс Э.Билгүүнд 1-р зэргийн бэлгийн хүчирхийллийн хэргээр 15 жилийн хорих ял, орон байрны 2-р зэргийн хулгайн хэргээр 10 жилийн хорих ял оноохыг хүссэн аж.
Э.Билгүүн нь хорих ялаа эдэлж дууссаныхаа дараа 10 жилийн турш цагдаагийн хяналтад байх ба энэ хугацаанд тэрээр дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж, шүүхээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх ёстой аж.
Э.Билгүүнийг өнгөрсөн оны 9-р сард баривчилж, 11-р сард тангарагтны шүүхээр буруутайг нь тогтоосон билээ. Тэрээр эх орондоо Tomuujin Alternative School сургуулийг төгсөж, Корнелын их сургуульд 328 мянган ам.долларын тэтгэлэгтэйгээр суралцах эрх авсан байжээ.
Эх сурвалж: The Cormell Sun






